Хөвсгөл аймаг малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-05 13:18:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд оны эцсийн мал тооллогоор таван сая гаруй мал тоолуулж, улсын хэмжээнд мал сүргийн тоо толгойгоор эхний гуравт тогтмол орсоор байна. Мал сүргийн тоо толгой жилээс жилд нэмэгдэж буй ч малаа багаас нь эрүүл байлгах, эрүүлжүүлэх тал дээр онцгой анхааран ажилласны дүнд малын гоц халдварт өвчингүй тайван эрүүл бүс нутаг статусаа хадгалсаар байгаа юм.

Малын гоц халдварт өвчин болох шүлхий, бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумуудаас 1080 толгой мал хамруулан шинжилж ямар нэгэн өвчлөлгүй эрүүл байгаа нь батлагджээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 846,8 толгой мал, амьтан хамрагдахаас оны эхний 10 сарын байдлаар 777,8 мянган толгой мал амьтан хамрагдсан байна. Паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 3494,0 толгой мал амьтан хамрагдсан бол "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд бруцеллёз өвчнөөс сэргийлэх арга  хэмжээнд 1297552 толгой төл малыг хамруулжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ