Хэлтэс, агентлагынхан багуудад тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-07 16:11:19
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймаг сумын удирдлагууд баг тус бүрт тулгамдаж байгаа асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Энэ удаад дээрх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, иргэдээс ирсэн хүсэлт болон тухайн багт тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлууд багийн Засаг дарга нартай хамтарч өргөтгөсөн хурал хийлээ. 
Дархан сумын тухайд  нийт 18 багтай, газар нутгийн хэмжээ, байршлын хувьд харилцан адилгүй байдаг. Хурлын эхэнд, багт тулгамдаж байгаа асуудлыг зөвхөн багийн удирдлага холбогдох мэргэжилтнүүд шийдвэрлэнэ гэдэг дэндүү өрөөсгөл. Тиймээс  гэр хорооллын, орон сууц хорооллын баг гэж ялгалгүй эрх тэгш хэмжээнд аливаа асуудлыг шийдвэрлэж байх саналыг багуудын Засаг дарга нар уламжиллаа.
Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох баг нь иргэдийнхээ дуу хоолой болохын зэрэгцээ төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж тухайн багт тулгамдсан асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Энэ удаагийн хурлаар багийн Засаг дарга нар алслагдсан гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн тоглох орчинг тохижуулах, нохой устгалыг дахин явуулах, үерийн далантай ойр байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, зам дагуух явган хүний замыг засварлах, хурд сааруулагчийг нэмэгдүүлэх, мал нядлах цэгтэй болох, утааны асуудлыг багасгах, хороолол доторх замыг засварлах, тусгаарлах байрыг ажиллуулах зэрэг асуудлыг хөндөж тухай бүрт нь холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудаас  хариултаа авлаа.
Цаашид багийн Засаг дарга нарын нэгдсэн хуралдаануудад хэлтэс агентлагийн дарга нар ээлжлэн оролцож хэлэлцэж буй асуудлуудад анхаарлаа хандуулан, хамтран ажиллахаар боллоо. Хөндөгдсөн асуудал бүрийг шийдвэрлэхэд цаг хугацааны хувьд харилцан адилгүй байхыг хуралд оролцсон хэлтэс агентлагийн удирдлагууд  хэлж байлаа.
Л.Отгонбаатар

 
Холбоотой мэдээ