Мах, сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 15:42:05

Технологийн дээд сургууль дээр  мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын KRC байгууллагын менежер Пак Хён Жун, ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Технологийн дээд сургуулийн захирал Б.Барамсай хэлэхдээ,“Монгол Улс, БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хооронд 2010 онд “Монгол Улсад амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулах төслийг” хэрэгжүүлсэн. Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, чанар хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шалгаж, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох үр дүнтэй төсөл боллоо. Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг түүхий эд байхаас нь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх төрлийн шинжилгээг хийнэ. Энэ лаборатори, загвар үйлдвэр нь Улаанбаатар хотод байгаа мах, сүүний чиглэлийн бүх үйлдвэрүүдэд хамааралтай. Энд судалгаа шинжилгээ хийх арга барилыг эзэмшиж, мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулах боломжтой” хэмээв. 

Мах болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэр нь хүүхэд, хөгшчүүдэд зориулсан нэмэлт амин дэмтэй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Харин мах, махан бүтээгдэхүүний хувьд өнөөдрийн байдлаар хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх жилд нэр төрлөө олшруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Технологийн дээд сургуулийн дэргэдэх IFTT компаниар дамжуулан зах зээлд гаргах бүрэн боломжтой юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ