НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хаалттай горимд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-09 12:19:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаан 11.30 цагт эхэлж, Ж.Батсайхан тэргүүлэгчийн саналын дагуу хаалттай горимд шилжлээ.

Хуралдаанаар “Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай”, “Шагналд тодорхойлох тухай”, “Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” болон “НИТХ-ын хуралдаан зарлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд тэргүүлэгч Ж.Батсайхан хэлэлцэх асуудлын жагсаалтад НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны аравдугаар сарын 20-нд баталсан зарим тогтоол, шийдвэрийг хүчинтэй эсэх асуудлыг оруулах санал гаргалаа. Мөн тэрбээр жагсаалтын тавдугаарт бичигдсэн НИТХ-ын хуралдаан зарлах тухай асуудлыг эхэлж хэлэлцэх санал гаргасан юм. Тэргүүлэгчдийн зүгээс түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, дээрх хоёр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.

Мөн үеэр тэргүүлэгч Н.Баянмөнх, “Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг сэтгэлзүйн дарамтад оруулсан, хүчирхийлсэн хэрэг ихээр гарах боллоо. Энэ чиглэлд нийслэлийн харъяа байгууллагууд болон НИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, тодорхой шийдвэр, санал санаачилга гаргах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, “Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр “Хүүхдийн эрх, хамгаалал-Төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалт болж байгаа. Энэхүү сургалтад дээрх асуудалтай холбогдох албаныхан хамрагдаж буй. Тиймээс дараагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудын талаар сонсгол явуулах нь зөв” гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ