Отгонтэнгэр ууланд дур мэдэн авиралт хийхийг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-09 21:13:32

Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн уулчид харамсалтайгаар амиа алдсан явдал бидэнд том дохио сануулга боллоо. Тиймээс Отгонтэнгэр ууланд замбараагүй авиралт хийхийг хориглох хэрэгтэй хэмээн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.
Одоогоор Отгонтэнгэр ууланд авируулахгүй гэсэн захирамж гараагүй байна. Гэхдээ Монголчууд бид бурхан тахилаа хоймортоо залдагтай нэгэн адил үеийн үед өвөг дээдсээс шүтэж, залбирч ирсэн. Үүний адил Монгол түмний заяа буяныг дааж яваа хайрханыхаа орой дээр цаашид гарч болохгүй гэдгийг санууллаа. Түүхэн уламжлалаар Отгонтэнгэр хайрханы тахилгын овооноос дээш эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг бол эрэгтэй хүн 50 нас хүрсний дараа Бадархундага дээр очдог байжээ. Тиймээс Завханчууд бид өөрсдөө түүх, уламжлалаа мэддэг байх, цаашлаад бусдад мэдээлэл өгөх тал дээр иргэн, байгууллага бүр тодорхой ажлууд санаачлан зохион байгуулах хэрэгтэй байгааг аймгийн Засаг дарга онцлов. Энэхүү ослын дараа Завхан аймгаас дөрвөн лам залж Очирвааний тахилга зохион байгуулж, байгаль дэлхий, уул усаа аргадаж, хүн зоноо ариусгасан бол энэ үйлийг ирэх хавар дахин зохион байгуулахаар төлөвлөжээ. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын захиргаа, аймгийн Цагдаагийн газар хамтран хайрхан дээр хүн гаргахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ