Сумын шатрын аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-10 18:04:54
 Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ авч улсын хэмжээнд жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн нэгдүгээр сарын сарын эхээр зохион байгуулж ирсэн байна. Тус тэмцээний цар хүрээг тэлж 2014 оноос эхлэн анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцож эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний гурван байр эзэлсэн шатарчдыг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнах аж. Тэмцээнд оролцогч нь Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортын улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид байх юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ