Иргэдийг чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-14 15:58:49
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны байдлаар Баруун-Урт сумын хэмжээнд 130 гаруй иргэн чихрийн шижингээр өвчилж, эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Тэгвэл, чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг “Чихрийн шижингийн  эрт илрүүлэг оношилгоо” арга хэмжээг зохион байгуулж, 50 гаруй иргэнийг чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулан, тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.

Үзлэгт хамрагдсан иргэдээс хоёр нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон бол таван иргэн өлөн үеийн цусан дахь сахарын өөрчлөлттэй гарчээ. Эдгээр иргэдийг нарийн мэргэжлийн эмч хяналтандаа авч, эмчилгээ хийхээр болжээ.

Одоогийн байдлаар чихрийн шижин өвчний улмаас АНЭ-ийн дотрын  эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа 100 гаруй хүн байна. Чихрийн шижин өвчний анхны шинж тэмдэг нь  шалтгаангүйгээр огцом таргалах, ам их цангах,  ядарч сульдах, ойр ойрхон шингэн алдсанаар илэрдэг. Эдгээр зовиур илэрсэн тохиолдолд нэн даруй эмчийн хяналтанд орж шинжилгээ хийлгэх шаардлагатай. Энэхүү өвчнийг эрт үед нь илрүүлээд тууштай эмчилгээ хийлгэх нь дараа дараагийн эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Харин хүндэрсэн тохиолдолд амь насанд ч аюултай байдаг. Чихрийн шижин өвчин нь сүүлийн үед нэмэгдэх мөн залуужих хандлагатай болсон. Энэ нь амьдралын буруу хэвшил,  буруу хооллолт,  хөдөлгөөний хомсдол, стрессээс үүдэлтэй гэдгийг АНЭ-ийн дотоод шүүрлийн эмч Ч.Уранцэцэг санууллаа.

Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг нь хараа муудах, бөөрний хүндрэлээс сэргийлэх,  хөл гарын мэдрэлийн өвчинүүдээс урьдчилан  сэргийлэх ач холбогдолтой юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ