Г.Саранцэцэг: Шинжилгээ өгчихөөд хариугаа авахгүй алга болчихдог тохиолдол цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-16 16:06:53
Дорнод /МОНЦАМЭ/. Хорт хавдартай тэмцэх өдөрлөг, аяныг Дорнод аймгийн хувьд 10 дахь жилдээ өрнүүлэв. Түүнээс ч өмнө энэ талаар дориун дуугарч ажиллаж эхэлсэн хүн бол “Хавдрын” Сараа эмч юм. Тэрээр БОЭТ-ийн түүхэн дэх Хавдар судлалаар мэргэшсэн анхны их эмч, Хавдрын тасгийн эрхлэгч Г.Саранцэцэгтэй ярилцлаа.
 
-Хавдар гэх өвчин арваад жилийн өмнөөс түгшүүрийн харанга дэлдэх болж. Яг хавдар судлал гээд ярьвал манай улс хэдий үеэс энэ тал дээр анхаарч эхэлсэн юм бэ? 
-Хавдар судлалын шинжлэх ухааны хөгжил нь арай давшингуй болсон үе гэвэл яахын аргагүй сүүлийн жилүүд л дээ. Гэхдээ Хавдар судлалын практикт олон жилийн түүх бий. Хавдар судлалын төв гэхэд 70 жил, Анагаах ухааны хүрээлэнгийн Хавдар судлалын сектор 30 жилээ өнгөрсөн онд тэмдэглэсэн байдаг. Харин Монгол Улсад сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалж байгаа нас баралт эрс ихэссэн, тэр ч утгаар хавдар судлалын хөгжил эрчимжсэн. Эмч, мэргэжилтний чадвар, оношилгоо эмчилгээ сайжирч, харьцангуй идэвхтэй хөгжиж байна.
-Таны хувьд хавдраар дагнан ажиллаж эхэлсэн үе хэзээ вэ?
-Би 2001 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөж, аймгийнхаа Поликлиникийн хавдрын кабинетийн их эмчээр томилогдож ирсэн. Тэр үед БОЭТ-ийг Поликлиник гэдэг байв. Хавдраар мэргэшсэн их эмчгүй байсан үе л дээ. 
-Тэр үетэй харьцуулвал одоо ямар байна? 
-Тухайн үед жилдээ хавдрын 120-130 тохиолдол, хорт хавдраас шалтгаалсан 110-120 нас баралт бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд хавдрын 170-180 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 140-150 болж өссөн байна. Дорнод аймгийн хэмжээнд нас баралтын 25 хувийг хорт хавдрын шалтгаан эзэлж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
-Хүмүүс аль төрлийн хавдраар өвчлөх нь дийлэнх байна вэ? Дорнод аймагт нэн ялангуяа элэгний хавдар өндөр хувьтай юм билээ?
-Манай улсын хэмжээнд элэг, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, уушигны хавдар нийт хавдрын 80 гаруй хувийг эзэлж байна. Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт орж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны өмнө тулгамдаж буй асуудал зайлшгүй мөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж байгаа юм. 40-65 насны бүх хүнийг элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, элэгний B, C вирусыг илрүүлэх, эмчилгээ хийх, эдгээрийн ихэнх хувийг ЭМДС-аас хөнгөлж өгөх зэргээр цаг үеэ олсон ажлыг хийж байгаа. Та асуулаа л даа, Дорнод аймагт элэгний хорт хавдрын тохиолдол өндөр хувьтай юу гэж. Тийм ээ, энэ тохиолдол өсч байгаагийн илрэл нь сүүлийн 17 жилийн дунджаас харахад илт мэдрэгдэж байгаа юм. Тухайлбал, нийт хорт хавдрын тохиолдлын 45.1 хувийг элэгний хорт хавдар буюу элэгний анхдагч өмөн, түүнчлэн хорт хавдрын шалтгаант нас баралтын 47.8 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Гэтэл улсын хэмжээнд нийт хорт хавдрын 37 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг.
-Зонхилж байгаа хорт хавдруудыг үүсгэж буй хүчин зүйл, шалтгаан нь юу юм бэ? Амьдралын буруу хэмнэл, хооллолт гээд олон зүйл нөлөөлдөг байх. Хорт хавдрын тохиолдол сүүлийн жилүүдэд яагаад ингэж эрс нэмэгдчихэв?
-Хавдар үүсгэж буй шалтгаануудыг бүрэн судалж тогтоосон нь хараахан үгүй л дээ. Харин хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг бүлэг онолуудад тайлбарласан байдаг. Тухайлбал, хүрээлэн буй орчин, удамзүй, удамшил гэхчлэн нэрлэж болно. Сүүлийн үед дэлхий нийтээр хавдар үүсэхэд халдвар ихээхэн нөлөөлж байгааг тогтоогоод байна. Жишээлбэл, элэгний хорт хавдар үүсэхэд элэгний B, C вирусын, ходоодны хорт хавдар үүсэхэд хеликобактерийн халдвар нөлөөлдөг гэдгийг нотолсон. Манай улсад зонхилон тохиолдож буй таван хорт хавдрын гурав нь халдвараас үүдэлтэй. Гэсэн ч хавдар өөрөө халдварт бус өвчин. Мөн үзлэг шинжилгээ сайжирснаар хорт хавдрын илрүүлэлт нэмэгдэж байгаа. Нэг талаар, хавдар ихэсч байна гэж ойлгож болох боловч илрүүлэг, үзлэг оношилгоо хүртээмжтэй болж байна шүү дээ.
-Хавдар үүсгэх хэд хэдэн хүчин зүйл бий гэж та сая ярилаа. Тухайлбал, Дорнод аймаг төвөөсөө холгүй хоёр ч нүүрсний уурхайтай, хуучин Мардайн ураны орд ойрхон оршдог. Энэ мэтчилэн зүйлс гажиг төрөлт, хорт хавдарт нөлөөлж байна гэж хүмүүс ярьдаг л даа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Манай аймгийн хорт хавдрын шинэ тохиолдол, түүнээс шалтгаалсан нас баралт зэрэг нь улсын дунджаас байнга өндөр яваа гэдгийг би дээр хэлсэн. Нарийвчлаад үзвэл, цус төлжүүлэх эрхтэн, цус, тунгалагийн булчирхайн хавдрууд бусад аймагт харьцангуй их. Жилдээ 4-5 тохиолдол гэдэг бол улсын дунджаас өндөр үзүүлэлт. Яг нүүрсний уурхайнууд, Мардайн орд ойрхон байгаагаас үүдэлтэй гэж хэлэхэд боломжгүй юм. Гэхдээ нүүрс нь ураныг маш их хэмжээгээр цацруулж байдаг, энэ хэрээр манай аймгийн газрын хөрс болон агаар дахь ураны агууламж ямар түвшинд байна вэ гэдэг өөрөө анхаарал татсан асуудал. Манай аймагт ирсэн эрдэмтэн судлаачид ч аман байдлаар энэ тухай хэлж ярьдаг л даа.
-Хорт хавдартай тэмцэх аян өрнөж эхэлснээс хойшхи үр дүн гээд ярьвал? Энэ жил “Би чадна, Та ч бас чадна” уриан дор багагүй ажил өрнүүллээ?
-Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулсан. Энэ сарын 10-ны өдөр “Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ЭМГ, ӨМТ-үүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. Энэ өдөрлөгөөр давхардсан тоогоор 150 гаруй хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хурдавчилсан оношлуураар хийж, хорт хавдрын талаарх ерөнхий ойлголт өгч, өөрийн боловсруулсан 12 төрлийн гарын авлага, санамж, “Та хорт хавдраас сэргийлж чадна”, “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт товхимол тараан, биеийн жин, өндрийг нь хэмжиж, БЖИ-ийг тодорхойлж, цусны даралт хэмжих, захын цусанд сахар тодорхойлох үзлэг оношилгоог хийсэн. Түүнчлэн “Мянган сарнай” эмийн сантай хамтран ясны сийрэгжилтийг тодорхойллоо. Өдөрлөгийн үеэр өөрийгөө эрүүл гэж боддог иргэдийг санамсаргүй байдлаар шинжилгээнд хамруулж, 39 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийснээс элэгний В вирус зургаан хүнд, элэгний С вирус хоёр хүнд шинээр оношлогдсон. Захын цусанд сахар үзэх шинжилгээг 28 хүн өгснөөс 20 хүнд сахарын хэмжээ их гарсан гээд таагүй мэдээнүүд бий.
-Өөрийгөө эрүүл гэж бодон өвчнөө тээн алхаж буй хүн олон байгаагийн нэг илрэл байх тийм үү? Хорт хавдар гээч “тахал”-ыг тусахгүйн тулд иргэд бид хэрхэн урьдчилан сэргийлэхэв, үзлэг оношилгоонд хамрагдах боломжуудыг зөвлөөч.
-Та өөрийгөө эрүүл гэж бодож байвал жил бүр нэгээс доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, цуллаг эрхтний ЭХО, ходоод улаан хоолойг дурандуулах, цээжээ гэрэлд харуулах гэх зэргийг хамгийн түрүүнд өгч занших хэрэгтэй юм. Мөн хавдрын маркерийн шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдвал тун зүгээр шүү. Өөрийн тань аль хэсэгт эмгэг, өөрчлөлт мэдрэгдэж байна, түүнийгээ жил бүр үзүүлж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тухайн хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, хариуцлагатай хандах цаг иржээ. Шинжилгээ өгчихөөд хариугаа авахгүй алга болчихдог тохиолдол цөөнгүй бий.
-Эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсээгүй ч сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах гэхээр ачаалал ихтэй байгаа нь анзаарагддаг л даа. БОЭТ өөрөө хоёрдугаар шатлалын эмнэлэг. Гэтэл эрүүл, өвчтэй хүмүүс хамт дугаарлаж, тэр хэрээр ачаалал үүсгээд байх шиг?
-Та асуудлыг тун соргог олж харсан байна. “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулах шаардлагатай болсны илрэл юм даа. Ийм жишиг гаднын орнуудад бүр тогтчихсон байдаг. Хэрэв ийм төв байгуулж чадвал, эрүүл иргэд урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээг тухайн төвдөө жилд нэг удаа үнэ төлбөргүй өгөх боломжтой байдаг юм билээ. Ойрын жишээ татахад л, хөрш зэргэлдээ Манжуур хотод анхан шатны үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэддээ хүргэх төв хэдүйн ажиллаад эхэлсэн байна лээ. Миний хувьд хорт хавдрын өвчлөлийн эсрэг амьдралынхаа хориод жилийг зориулж яваагийн хувьд аймагтаа энэ хэрийн төв байгуулахад хувь нэмрээ оруулахсан, энэ үйлсийн төлөө зүтгэхсэн гэдэг холын бодолтой явдаг шүү.
-Тэр хүсэл мөрөөдөл тань биелэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ