Дүрвэгсдийн дүрээр тагнуулч болон террористууд орж ирэхээс болгоомжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-16 16:33:05
ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-аас Япон руу олноороо орж ирж болзошгүй дүрвэгсдийн дундаас Умард Солонгосын нууц тагнуулч юм уу террористуудыг олж илрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Японы засгийн газар боловсруулж байна гэж Японы “Yomiuri” сонинд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Зэвсэгт мөргөлдөөн болж, Солонгосын хойгт нөхцөл байдал огцом хүндэрсэн тохиолдолд Умард Солонгосын олон арван мянган дүрвэгч модон завиар Япон руу давалгаалан орж ирэх магадлалтай гэж Японы эрх баригчид үзэж байгаа юм. Японд нэвтрэн орж ирэх хүмүүсийн дунд дүрвэгсдийн дүрээр Америкийн цэргийн байгууламж, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний бааз, цөмийн цахилгаан станц болон стратегийн чухал ач холбогдолтой бусад байгууламжид халдах зорилготой Умард Солонгосын тагнуулч болон террористууд орж ирэхээс болгоомжилж байгаа ажээ.
 
Дүрвэгсдийн дундаас гэмт хэрэг үйлдэх зорилго агуулсан хүмүүсийг олж илрүүлэх, түүнчлэн тус улс руу зөвшөөрөлгүй орж ирэхээс сэргийлэх зорилгоор үйл ажиллагааны ийм төлөвлөгөөг Японы засгийн газар боловсруулж байгаа аж. Ийнхүү дүрвэгсдийн ирэх боомтуудад шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хатуу хяналт шалгалт тавих шалган нэвтрүүлэх хэсгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ