Өмнөговийн залуус нэгдэж "Өглөөний клуб" байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-17 12:51:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн залуус нэгдэн "Өглөөний клуб" байгуулан ажиллаж байна.
"Өглөөний клуб"-ын залуус нэг зорилго дор нэгдэж өнөөдрийн өглөөний уулзалтаа аймгийн "Холбооны газар"-т зохион байгуулж, энэ долоо хоногт хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцлээ.
Тэд нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэхүйц хэд хэдэн ажил хийж залуусаа уриалсан байна. Тодруулбал өсвөр насны охидтой "Дотно яриа" өрнүүлж, эмчийн зөвлөгөөг өгсөн бол хүний эрдэнэт амь насыг хамгаалах донор болохыг уриалан өөрсдөө цусаа өглөө. Мөн лхагва гариг бүрийн 19 цагаас "Бүжиглье" мэргэжлийн багшаар бүжиг заалгах арга хэмжээг Политехник коллежийн урлагийн зааланд тогтмол зохион байгуулж хэвшүүлсэн бөгөөд Даланзадгадын Захирагчийн ажлын албаныханд аарцны буцалгаа, чацарганаар үйлчилж ажилд нь амжилт хүсчээ.
Түүнчлэн өнөөдрийн эртэч уулзалтаараа "Өглөөний дасгал"-ийг хийж эхлүүлэн цаашид уламжлал болгон хэвшүүлэхээр боллоо. Өмнөговийн эртэч залуус, улс төр, шашин шүтлэг, нас хүйс харгалзахгүй нэг зорилго дор ийнхүү нэгдэж байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ