Энтрепренерийн тогтолцоог хөгжүүлэх бодлогын зөвлөмж гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-16 16:11:27

Шинэ зүйлийг санаачилж бизнесийг өргөжүүлснээр эдийн засгийг тэлэх боломж бүрдүүлдэг хэсгийг энтрепренер гэж нэрлэдэг. Тэгвэл Чингис зочид буудлын хурлын танхимд Монголын энтрепренерууд чуулж байна.

Тэд Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх болмж сорилт, гарааны  бизнес, экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх замаар тухайн салбар дахь ололт амжилтыг бататгах, мэдээллийн технологийн гарааны компаниудыг олон улсад гаргах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Дэлхий нийт уламжлалт бизнесийн хандлагаас илүүтэй доошоо оройтой гарааны бизнес буюу ашиг олохыг үл харгалзан ирээдүйд ашигтай ажиллах магадлал дээр суурилж буйг илтгэгчид онцолж байв. Өөрөөр хэлбэл эрсдлийг өөр дээрээ үүрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьдог болжээ. Гадны улс орнууд гарааны бизнесийг хөгжүүлэхдээ татварын хөнгөлөлт үзүүлэх, өсч хөлөө олтол нь дэмжих төв хүртэл ажилладаг байна. Ингэснээр ашиг олох хөшүүрэг нь болдог аж. Харин манай улсад энэ талын дэмжлэг байхгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн  захирал, доктор профессор Н.Батнасан:

 -“Монголчууд энтрепренерийн тухай ойлголтгүй байсан. Харин өнгөрсөн жил энтрепренер гэж юу вэ, улс орны хөгжилд ямар нөлөөтэй, бизнест судалгаа шинжилгээний байгууллагад ямар ач холбогдолтойг олон нийтэд хүргэх зорилгоор өнгөрсөн жил анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм. Эдийн засгийн бүтцийг харвал уул уурхай, хөдөө аж ахуй гээд байгалийн баялаг түүхий эдийн салбарт  төвлөрч байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унахад манай эдийн засгийн өсөлт саардаг. Тиймээс эдийн засгийг олон хөлтэй болгох ёстой. Тэр утгаараа гарааны бизнес буюу шинэ зүйлийг сэдэж хөгжүүлэх цаг ирсэн. Гарааны бизнесийн хувьд хүнс, ХАА-н боловсруулах үйлдвэрлэл хөгжиж байна. Түүнчлэн сүүлийн үед техник, технологийн салбар хөгжих хандлагатай.

Баян Таян ХХК-ийн Технологич Ш.Ганчимэг:

 -Бизнесээ 2014 оноос эхэлж байлаа. Говь-Алтай аймагт үнээний сүүгээр чипсэн ааруул үйлдвэрлэж байна. Өдөрт 30-40 кг ааруул хийх хүчин чадалтай бөгөөд 40-250 кг-аар савлан худалдаж байна. Жилийн дотор үйл ажиллагаа маань жигдэрч Говь-Алтай төдийгүй нийслэлчүүддээ бүтээгдэхүүнээ хүргэж байна.  Номин сүлжээ дэлгүүрээр борлуулахаар гэрээ байгуулсан.

 АҮЯ-ны ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн:

-ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан дөрөв, дөрвөн жилээр боловсруулж байна. ЖДҮ-лэлд гарааны бизнесийг хөгжүүлэх боломжуудыг хөтөлбөрт  тусгахад энэ чуулган ач холбогдолтой. ЖДҮ-ийн сангаас шинээр бизнес эрхэлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж байна. АҮЯ 200 гаруй төслийг дэмжин ажиллаж байна.Манайхны нэг дутагдал нь судалгаагүйгээр  бизнес рүү ордог. Уламжлалт бизнест шинэ санаа оруулах замаар шинэчлэл хийх боломжтой  гэв.

 Энтрепренерийн анхдугаар чуулган зохион байгуулснаар гарааны бизнес хөгжиж байна хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Тухайлбал олон улсын жишигт нийцсэн “Ай такси” үйлчилгээ, Ламор брэндийн савангийн үйлдвэр гээд олон жишээг нэрлэж болно хэмээн албаныхан тодотгов.

Оролцогсод энтрепренерийг хөгжүүлэх Үндэсний стратегийг боловсруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Түүнчлэн энэ удаагийн чуулганаас энтрепренер болон шинжлэх ухааны тогтолцоог  хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын зөвлөмж гаргах аж.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ