Х.Даваахүү:Хэлэлцэж буй асуудал, хийх гэж буй ажлын цар хүрээ тэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-21 11:58:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түүхийн 25 жилийн хугацаанд явагдсан долоон удаагийн сонгуулийн тавд нь оролцож, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 20 жил ажилласан туршлагатай, ахмад төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваахүүтэй уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу?Юуны өмнө таньд НӨУЁБ-ын 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ байгууллагын 20 жилийн түүхийг та хамтдаа бичилцсэн хүний хувьд хөгжил дэвшил, өсөлт бууралт бүгдийг өөрийн биеэр туулж ирсэн нь мэдээж. 
-Төрийн эрх мэдэл ард түмний гарт гэсэн үндсэн хуулийн заалт байдаг. Шинэ үндсэн хуулийн дагуу үндсэн хуулийн гол бүтэц байгууллага нь шат шатны хурлын байгууллага байдаг л даа. Энэ хурлын байгууллага маань төлөөллийн байгууллагаараа дамжуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Гэвч төрийн эрх мэдэл ард түмний гарт гээд Сэлэнгийн 100 гаруй мянган хүн ирээд шийдвэр гаргаж болохгүй л байх л даа. Тийм учраас тэд өөр өөрсдийнхөө төлөөллийг мөн намаа төлөөлсөн төлөөллөө энэ хуралд төлөөлөгч болгон илгээдэг. Энэ хүн бол аймаг, орон нутгийн, сум орон нутгийн хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө ажиллаж чадах хүн байх ёстой. Үүнийг хийж чадна гэж бодсон хүнээ ард түмэн сонгодог. Тэр сонгогдсон төлөөлөгч маань төлөөллүүдийнхээ санал бодлыг тухайн тухайн байгууллагын хурлын бодлого шийдвэрт тусгуулж, гаргуулах үүрэг хүлээдэг. Иймээс энэ хүнийг хурлын төлөөлөгч гээд байгаа юм.
-Нэг газраас ингэж олон удаа сонгогдож, иргэд түмний итгэлийг олно гэдэг хүссэн хэн бүхний хийх зүйл биш болов уу. Хамгийн анх хэзээ хэрхэн энэ хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан үеэ дурсаач?
-Миний хувьд ажил амьдралын хувь төөргөөр Баянгол сумтай ажил амьдралаа холбоод таван удаа аймгийн ИТХ-д сонгогдсон байдаг. Баянгол сумын иргэд надад итгэж, бидний санал бодлыг их бага хэмжээгээр аймгийн хуралд тусгаж өгөх болов уу гэж бодож сонгосон байх л даа. Зарим хүмүүс энэ төлөөлөгчийн ажлыг нэг л төрийн албан хаагчийн дайны цалинтай бас нэг өөр ажил юм шиг ойлгодог. Энэ бол цалин мөнгө байхгүй цэвэр өөрийнхөө идэвх санаачилгаар явагддаг ажил шүү дээ. Төлөөлөгч болж байгаа хүн иргэддээ хандаж, би та нарыгаа төлөөлөөд, та бүхний хүсэл сэтгэлийг аймаг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулаад, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдүүлье гэж сонгогддог. Өөрөөр хэлбэл цэвэр сайн дурын ажил. Миний хувьд сүүлийн жилүүдэд аймгийн ХХААГ-ын даргаар ажиллаж, аймгийн ХАА-н бодлогыг барилцаж байсны хувьд, мөн олон жил ажилласан, мөн Сэлэнгийн ХАА-н бодлого, цаашлаад зөвхөн Баянгол сум гэхгүй бүхэл бүтэн Сэлэнгэ аймагтаа хамааралтай асуудлыг өргөн цар хүрээнд ярьчих туршлагыг их бага хэмжээгээр хуримтлуулсан гэдгийг харж намайг сонгосон болов уу.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын маань 25 жилийн түүхэн ой болж байна. Энэ хугацаанд 7 удаа сонгууль болж, иргэд маань 7 удаа сонголтоо хийж, хурлын байгууллагуудаа сонгосон байна. Үүний 5 удаагийн сонгуульд би аймгийн ИТХ-д сонгогдсон байх юм. Хамгийн анх 1992 онд Үндсэн хуулийг баталж сонгогдсон. Тэр үед ИТХ гэдгийг хүн мэддэггүй намын хурал л гэж мэддэг, ард түмнээ төлөөлөөд төрийн эрх барилцана гэдэг талаас ер мэддэггүй байлаа. Сонгуулийн тогтолцоо ч тийм байгаагүй. Намайг 1992 онд анх төлөөлөгч болоход аймгийн Намын хорооноос нэр өгөөд л сонгосон. Тэр үед дөнгөж олон нам үүсч байсан. Одоогийн Ардын нам буюу МАХН маш хүчтэй байсан. Тэр үед Халтар гэж манай аймгийн орлогч дарга байсан хүн намайг чи сонгогдох ёстой шүү, чамаас гадна хоёр хүн сонгогдох ёстой гээд нэр өгч байсан. Тэгээд миний бие Чулуунбаатар гэдэг захирал бас нэг хүн бид гурвын асуудлаар сумын хурал дээр сумын хурлын 21 хүн ярилцаад сонгож байсан. Тэгээд нөгөө 21 хүн маань батлаад аймагтаа очиж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч сонгогдож байлаа. Энэ бол анхны 1992 оны сонгууль шүү дээ. Тэр үед сурталчилгаа, сонин энэ тэр гэхгүй болчихож байсан. Үүнээс хойш үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжээд ирэхээр энэ чинь бас ийм байдаг юм байна гэж хүмүүс мэдээд ирсэн. Дараа нь 1996-2000 оны сонгуульд манай сумаас гурван хүн өрсөлдөөд нэг хүн бие даан гарч ирж байсан. Тэр үед бие даагч гэхээр хүмүүст их сонин байлаа ш дээ. Миний хувьд аймгийн ИТХ-д суугаагүй, сонгогдоогүй хоёр удаагийн хурал байдаг. Үүний нэг нь 1996-2000 оны сонгуульд МАХН-аас миний бие, АН-аас Дэлгэрням гэдэг хүн, бие дааж Жигжид гэдэг залуу нэр дэвшээд, би бие даагч Жигждэд хоёр хүний саналаар ялагдаж байсан. Нөгөө нь 2012-2016 оны сонгуульд би аймагт төрийн ажил хийж байсан учир сонгуульд хуулийн дагуу оролцоогүй. Харин бусад бүх сонгуульд оролцсон. Сая хамгийн сүүлийн сонгуульд ороход үнсэндээ би 7 хүнтэй өрсөлдөж гарч ирсэн.
-Ер нь ажиглаад байхад сүүлийн үед сум, аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох хүмүүсийн сонирхол нэлээд ихсэх болж. Төлөөлөгч ажлаа хийж байна гэдгийг яаж мэдэж болох уу. Зарим хүмүүс эргэж тойрогтоо очиж иргэдтэйгээ уулздаггүй гэх гомдол нэлээд байдаг?
-Сүүлийн үед нийгмийн идэвхитэй, бусдыгаа төлөөлөөд ярьж чаддаг, хүмүүсийн өрсөлдөөний тоо улам нэмэгдэж байна л даа. Ингэж сонгогдсон төлөөлөгч маань тухайн шатныхаа хуралд, тухайн орон нутгийн байгууллага, хүмүүсийн аж амьдралыг дээшүүлэх, тухайн нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэсгэх, Сэлэнгэ аймгийн гол бодлогод өөрсдийнхөө санал онолыг хэлж, шийдвэр гарахад нөлөөлж, ажил болон хэрэгжиж чадаж байгаа бол ард түмний төлөөлөл болсон хүн төрөө барилцаж байна, ажлаа хийж байна гэсэн үг.
Энэ маань юуг хэлээд байна вэ гэхээр энэ хурлын байгууллагын нэр хүнд өсөж, энд орох сонирхолтой хүмүүсийн хандлага, ихсэж, өрсөлдөөн би болж байна гэсэн үг. Өрсөлдөөн бий болоод ирэхээр хүссэн хүсээгүй өөрсдийхөө намтар түүхийг бичихээс эхлээд, тэнд очоод юу хийх вэ гээд өөрийгөө илтгэх зүйл хэрэгтэй болж ирсэн. Мөн сонгогч олондоо хүргэхийн тулд хувь хүнээс гарах зардал ч гарах болж. Анх зүгээр л гурван хүний нэр оруулаад сонгож байсан бол дараа нь бие даагч хүнтэй өрсөлдөж байх жишээтэй. Хамгийн сүүлд долоон хүнтэй, гурван намын, дөрвөн нэр дэвшигчтэй өрсөлдлөө. Энэ бол хурлын байгууллагын хөгжлийн өсөлт хөгжилтийг харуулж байгаа юм. Энд хүмүүс өрсөлдөөн бий болно гэдэг нь нэг талаас илүү сонирхож байгаа хүмүүс, нөгөө талаас төрийн эрх байгууллагад санал бодлоо хэлэх гэсэн хүмүүс, нөгөө талд нь сонгогч олон түмэнд сонгох сонголтыг бий болгож байгаа юм. Хуучин бол шууд нам дээрээ яригдаад сонгодог байсан бол одоо ард түмэн өөрөө сонгож байна. Иймээс миний хувьд энэ НӨУЁБ-ын хөгжил дэвшил зохих түвшинд явж байна гэж бодож байгаа.
-Таныг Баянгол сумын 6000 гаруй иргэдийн дуу хоолойг дамжуулж, аймгийн хурлын шийдвэрт хүргэж чадсан гэж бодож байна. Тухайлбал ямар гол гол бодлогод нөлөөлөв. Хурлын үйл ажиллагаа хөгжиж дэвшиж байна гэж та хэллээ. Тухайлбал . . .?
Хуучин бол суманд хурлын нарийн бичгийн дарга орон тооны, харин хурлын дарга нь орон тооны бус байсан. Одоо бол хоёулаа орон тооны болчихсон. Мөн аймгийн хуралд гурван хүн ажилладаг байлаа. Тэр үед н.Сонинбаяр дарга, манай ахмад ажилтан О.Буянтогтох дарга маань нарийн бичгээ ажлын албаа цуг хийгээд явдаг байсан. Одоо бол аймагт 10-аад хүн, суманд хоёр хүн хурлын байгууллагын үндсэн ажилтан болон ажиллаж байгаа нь бүтцийн хувьд ч гэсэн өөрчлөлт орсон байгааг харуулж байгаа юм. Манай хурлын байгууллагын хувьд орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг дөрөв дөрвөн жилээр аваад явж байна л даа. Үндсэндээ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталж өгч байна. Үүнтэй холбогдож энэ 4 жилд хийж хэрэгжүүлэх ёстой, Сэлэнгэ аймаг дагаж мөрдөх ёстой дүрэм журмыг аймгийн ИТХ-аар баталж гаргаж өгч байна.  Энэ утгаараа бол нэлээд хөгжил дэвшилттэй болж ирсэн. Иймээс өнөөдрийн түвшинд ажиллаад байх боломж хангагдлаа гэж үзэж болохоор байгаа. Эндээс харж байхад тухайлбал сумын хуралдаа ЗДТГ-ын зүгээс, иргэдийн зүгээс хандах хандлагаас ч харсан энэ хурал гэдэг чинь бодлого барьдаг газар байна шүү гэдгийг ойлгодог болсон. Нөгөө талаас энэ хурал чинь мөнгө барьдаг газар биш юм байна гэдгийг иргэд сонгогчид мэдээд эхэлж байна. Нэгэнтээ бодлого барьж байгаа юм чинь гэдэг утгаар Засаг дарга түүний багийнхан ч бас хуралд хандах хандлага дээшилж, хийсэн ажлаа сайн маш танилцуулдаг болсон. Хуучин бол бие биенээ сайн ойлголцохгүй явдал байсан шүү. Хоёр өөр байгууллага шиг байгаад байсан. Ерөнхий утгаараа бол энэ чинь хоёр өөр юм биш шүү дээ. Би жишээ нь Баянгол сумынхаа үндсэндээ 6000 хүнийг төлөөлж, Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө л сумынхаа жишээн дээр жишээ татаж, асуудлаа ярих ёстой. Зөвхөн ганц тойрог гэхээр жижигхэн болно. Одоо манай зарим төлөөлөгчид хуралд зөвхөн сумынхаа юмыг яриад байгаа юм. Сүүлийн үед би хэлээд байгаа олон сонгогдсон гэдгээрээ түрээ бариад байна уу, жаахан ахархаад байгаа шүү. Энэ маань юу вэ гэхээр цөмөөрөө жаахан тоймтой юм харьяа. Зүгээр нэг сум, багийн юм яриад жаахан төсвөө хувааж авахын төлөө зүтгээд яахав гэж. Жижиг асуудлын төлөө энд суух биш бүхэл бүтэн аймгийнхаа хөгжлийн төлөө юм хийх хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө том бодлого алдагдах нөхцөл үүсээд байна. Энэ тал дээр гарч ирж байгаа хүмүүс маань нэлээд бодох ёстой. Мөн сонгож байгаа хүмүүс ч үүнийг бодох ёстой. Тэр талаас нь сонгогч, сонгогдогч тал хоёулаа бодож байх ёстой. Сонгосны дараа тийм ч юм, ийм ч юм хийж өгсөнгүй гэхээсээ илүүтэй Сэлэнгэ аймгийн хөгжилд тэр хүн юу хийв гэдгийг сонгогч түмэн харж, тэр аймгийн төлөөлөгчийн ажлыг харж дүгнэж, ажлыг нь үнэлэх ёстой. Ингэвэл энэ ажлын эмх цэгц их зөв юм болно. Ерөөсөө Засгийн газар чинь ажлаа хөтөлбөрийн дагуу л хийнэ. Аймгийн Засаг дарга ч адил хөтөлбөрийнхөө хүрээнд ажлаа хийнэ. Хаана сургууль, цэцэрлэг барих, хаана мод тарих гэх мэт ажлаа жил жилээр, цаашлаад хэтийн төлөвтөө тусгаад төлөвлөөд үүнийхээ хүрээнд ажлаа хийдэг. Өөрөөр хэлбэл хэзээ хаана, ямар өртгөөр зам тавих ёстой юм гэдгээ төлөвлөж хийдэг. Тэр бол төлөөлөгчийн ур чадвараас хамаарахгүй зүйл. Харин төлөөлөгч бол аймгийн хөгжил дэвшилд юу хэрэгтэй байна гэдгээ харах ёстой. Одоо жишээлбэл сая сүүлийн хоёр хурлыг харж байхад аятайхан бодлогууд гарлаа л даа. Сэлэнгэ аймгийг  эрчимсэн МАА, газар тариаланийн бүс нутаг болгох гэдгийг би ХХААГ-ын дарга байхдаа энэ асуудлыг 8 жил сэтгэл зүйг нь хэлэлцсэн. Сонин хэвлэл бүрт ярилцлага өгч, хүн болгонд л асуух бүрт нь энэ асуудлыг хөндөж энэ эрчимжсэн аж ахуй гэж байдаг юм бол Сэлэнгэ аймгаас эхлэх ёстой. Энэ Сэлэнгэ аймагт нэн шаардлагатай байна гэдгийг хашгирсаар ирсэн. 2010 онд миний өмнө байсан дарга Д.Бадарч дарга 20-р тогтоол гаргуулсан. Гэвч энэ маань хүч нь нэлээд суларчихсан байсан. Гэтэл сая дахиад тариалангийн хуулиар баталгаажуулаад тэр хуулиа хэрэгжүүлэх хүрээнд үндсэндээ дөнгөж сая л Монгол Улсын Засгийн газарт явуулж баталгаажууллаа. Одоо УИХ дээр очоод унах магадлал багатай байх. Яагаад гэвэл Засгийн газар баталчихсан болохоор. Үүнийг дагаад Сэлэнгэ аймагт эрчижсэн үхрийн аж ахуй байгуулах асуудлыг өнгөрсөн хурлаар ярилаа. Энэ мэт хэлэлцэж буй асуудал, хийх гэж буй ажлын маань цар хүрээ тэлж, нөгөө миний хэлээд байгаа тоймтой буюу нэг сумын асуудал биш, бүхэл бүтэн аймгийн хэмжээний асуудал болж буйгаараа онцлогтой. Энэ бол нутгийн удирдлагын байгууллагын хөгжил дэвшил хийж байгаа ажилтай холбоотой юм.
-Олон жил хурлын үйл ажиллагаанд биеэрээ оролцож явсан туршлагатай хүний нүдээр харахад төлөөлөгчид болоод бодлого хэрэгжүүлэгч хүмүүсийн мэдлэг, боловсрол, зан чанарын хувьд хэрхэн нийцтэй байх шиг харагдаж байна даа?
-Харин боловсон хүчний бодлого дээр нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдэл бага байгаа. УИХ-аас Засгийн газрын гишүүдийг томилдог шиг, бүх хүн гэж байгаа юм биш шүү. Ядаж энэ босоо удирдлагатай байгууллагуудын нөхдүүдийг энэ хурал дээр үгийг нь сонсож баймаар байгаа юм. Хуучин бол аймгийн орлогч дарга, хэлтсийн дарга нарыг хурлаар оруулж, өрсөлдүүлэн байж гаргадаг байсан. Энэ бол маш зөв, нөгөө талдаа боловсон хүчний чадвар их сайжирна.  
Сүүлийн үед боловсон хүчний чадвар өмнөхөөсөө сулраад л байгаа нь ажиглагдаад байгаа. Яахав ажиллах хөрөнгө мөнгийг нь хурал шийдээд өгч байж болно. Одоо харин томилгоон дээр их сайн харах ёстой. Гол томилгоо болох Засаг даргаа хурлаас томилж байгаа юм чинь зарим ганц нэг гол томилгоог хурал дээр ярьдаг байх нь хөгжил дэвшилд хэрэгтэй. Хурлаас хичнээн сайн нийгэм, эдийн засгийн бодлого гаргалаа. Түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь муу байх юм бол энэ бодлого цааш явахгүй. Иймээс цаашдаа боловсон хүчнийг сайн анхаараад өгвөл илүү сайн болох юм байна гэж миний хувьд үзэж байна. Яахав энэ аймаг орон нутгийн хурал хэвийн хэмжээнд хөгжиж явна аа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ