БНАСАУ олон шатлалтай пуужин харвасан гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-29 10:22:34
ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-ын харвасан пуужин олон шатлалтай пуужин байсан байж магадгүй гэж Японы парламентын дээд танхимын төсвийн хорооны хуралдаан дээр тус улсын Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра  мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Пуужин харваснаас хойшхи эхний хэдэн минутад гурван пуужин харважээ гэсэн мэдээлэл яагаад гарах болсон бэ гэсэн парламентын гишүүний асуултад Ицунори Онодэра хариулахдаа “Олон шатлалтай пуужин харвасан байх магадлалтай болохыг харгалзан бид үргэлжлүүлэн шинжлэх болно” гэж мэдэгдсэн байна.

БНАСАУ өнөөдөр үүрээр Пхеньянаас холгүй газраас баллистик пуужин харвасан билээ. Японы батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужин 1000 орчим км нисч, Японы Аомори мужаас 250 км зайтай далайд унасан байна. Пуужингийн нислэгийн хамгийн өндөр цэг нь 4000 гаруй км байжээ. Японы батлан хамгаалах яам үүнийг тив алгасагч баллистик пуужин байсан гэж үзэж байна.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ