Яриа хэлэлцээгээ дүгнэсэн ярилцлага өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-29 11:03:41
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Төрийн Департаментын тусгай элч Курт Волкер Донбассын нөхцөл байдал, АНУ болон ОХУ-ын харилцаа болон Украинд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой асуудллаар “Politico” сонинд ярилцлага өгсөн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

“ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владислав Юрьевич Сурковтай Украины асуудлаар хамгийн сүүлд хийсэн яриа хэлэлцээ маань “нэг алхам ухарсан” явдал болсон. Бидний яриа хэлэлцээ эхний байдалдаа эргэн орлоо. Ийм зүйл болсон нь Украины нөхцөл байдалтай холбоотой биш, харин Вьетнам улсад болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар уулзаж чадаагүйтэй холбоотой хэмээн би таамаглаж байна” гэж Волкер тэмдэглэсэн байна. ОХУ болон АНУ-ын харилцаа хэвийн болоход Орос улс саад учруулж байна хэмээн үзэж байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн аж.

Украины нөхцөл байдлын талаар Волкер ярихдаа "Украины эрх баригчид өөрийн газар нутгаа эргүүлэн аваасай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүсч байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ