Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын түшиц баазтай болох нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-30 00:05:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр боллоо.
Арга зүйн зөвлөгөөг гол удирдлагаа болгон явуулсан энэ удаагийн сургалтаар хөдөлмөрийн нөхцөлийг  үнэлэх аргачлал, аж ахуйн нэгж байгууллагууд дээр ХАБЭА-н орон тооны болон орон тооны бус зөвлөлийг хэрхэн ажиллуулах чиглэлээр зөвлөхийн зэрэгцээ ажиллах чиг үүрэгтэй холбоотой мэдээллүүдийг өгчээ.
Мөн сургалтын үеэр өнгөрсөн наймдугаар сард батлагдсан ХАБЭА-н үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө. Түүнчлэн энэ үеэр Сэлэнгэ аймаг ХАБЭА-н аймгийн дэд хөтөлбөр боловсруулах гэж буйтай холбогдуулан боловсруулах хөтөлбөрийн төсөл дээр санал авсан юм.
Сургалтын үеэр аймгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Ө.Сувдаагаас ХАБЭА-н салбар зөвлөлийн өнөөгийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. Тэрээр “Одоогоор ХАБЭА-н зөвлөлийн гишүүд орон тооны бус ажиллаж байна. Сумдын ХАБЭА-н зөвлөлийн даргаар сумдын ЗДТГ-ын дарга нар ахлан ажилладаг. Гишүүдэд нь холбогдох мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, ҮЭ-ийн төлөөлөл зэрэг олон төлөөллийг багтаасан байдаг. Аль болох орон тооны байлгахыг бид хичээн ажиллаж байна. Зөвлөлийн гишүүд маань ХАБЭА алдагдахаас урьдчилан сэргийлсэн сургалт сурталчилгааг хийх ажлыг гүйцэтгэдэг. Миний хувьд 2009 оноос энэ ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга ХАБ-ын зөвлөлийг хариуцна гэсэн чиг үүрэг байдаг. Бид тодорхой хэмжээгээр ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал ХАБЭА-г эрхэмлэгч байгууллага, мөн энэ ажил албыг хариуцан ажилладаг хүмүүсээ шалгаруулах болзолт уралдааныг явууллаа. Ингээд том аж ахуйн нэгжээр Хөтөлийн “Цемент шохой” ХК шалгарлаа. Энэ хамт олон бол аймгийн байтугай улсын хэмжээнд жишээ болохуйц үйлдвэрийн газар. Дунд аж ахуйн нэгжээр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ шалгарлаа. Эднийх тодорхой хэмжээнд ажил зохион байгуулаад сүүлийн жилүүдэд ямар нэгэн осол гэмтэл гаргаагүй ажиллахын зэрэгцээ орчин сайн бүрдүүлсэн. Ялангуяа хувцаслалт, нэг бүрийн хамгаалах хэрэгслэлийг сайн хийж чадсан байгаа. Жижиг аж ахуйн нэгжээр Мандал сумын “Сэлэнгэ-Зүүнхараа” ОНӨААТҮГ орлоо. Бид эдгээр байгууллагуудаа улсын хэмжээнд уралдуулахаар материаллыг нь явуулсан. 2017 оны ажлаараа энэ байгууллагуудаа аймагтаа үнэлэгдсэн шигээ бусад аймгуудын ижил төрлийн байгууллагуудтай өрсөлдөх хэмжээний байна гэж үзсэн. Цаашид бид ажлаа улам сайжруулах ёстой. Ингэхийн тулд сум болон аймаг дээрээ сургалтын түшиц бааз суурьтай болох нь зүйтэй юм. Ингэхийн тулд нэг байгууллагаа загвар хэмжээнд аваачаад түүн дээрээ үзүүлэх сургууль хийх хэрэгтэй. Ингэх юм бол ХАБЭА-н асуудал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байгаа. Жил бүр үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулдаг. Үйлдвэрлэлийн ослоос болж манай аймагт найман жилийн хугацаанд 19 хүн амь үрэгдсэн байдаг. Аль болох энэ байдлыг гаргахгүйн төлөө бид ажиллаж байна. Энэ асуудлыг хариуцсан хүмүүсээ чадавхжуулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх юм бол бусдадаа зааж өгөх, сургах ажлыг сайн хийнэ гэж үзсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд сумын хэмжээнд энэ асуудал бүрэн цэгцэрнэ гэдэг үүднээс энэ сургалтыг зохион байгууллаа” хэмээн ярилаа.      
Мөн  аймгийн ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн “Өнөөдрийн сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны хөдөлмөрийн аюулгүй байдлын гишүүд, зөвлөлийн дарга нар, нарийн бичгийн дарга нар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд нийт 105 хүн хамрагдлаа. Манай сургалтын гол зорилго нь гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, ХАБЭА-н үндэсний тав дахь хөтөлбөрийн гол зорилго зорилтуудын талаарх мэдээллийг өглөө. ХАБЭА-н асуудал аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгонд байгуулагдсанаараа давуу. Энэ нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээллийг иргэдэд үр дүнтэй байдлаар зохион байгуулан өгдөг. Энэ жил хийсэн ажлын нэг үзүүлэлт бол бүх зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон аймгийн зөвлөлийн гишүүдийг мэргэшүүлэх сертификаттай сургалтанд Алтанбулаг сургалтын төвтэй хамтарч хамруулсан. Өнөөдрийн сургалтаар бас сертификат олгоно” хэмээлээ.   
Энэхүү сургалт нь хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд хөдөлмөр нийгмийн хамгааллын дэргэдэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, холбогдох мэргэжилтнүүд ирж мэдээлэл өглөө.   
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ