НҮБ-ын мэргэжилтэн Аялал жуулчлалын салбарынханд сургалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-12-04 16:35:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар БОАЖЯ-тай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг энэ сарын 05-07-нд зохион байгуулна.  

Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач  Стив Нөүкс удирдан явуулах бөгөөд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 150 хүн хамрах юм.
Чингис хаан зочид буудлын "Хаан танхим" болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт болох энэхүү эрчимжүүлсэн сургалтаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Тогтвортой аялал жуулчлал ба хөгжил” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм. Мөн сургалтад бүрэн хамарсан оролцогчдод сертификат олгох аж.  
Ноён Стив Нөүкс аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна. 
Холбоотой мэдээ