Махны үйлдвэр ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Иран Улсад хоёр мянган тонн буюу 250 мянган толгой хонины мах экспортлох захиалга авсан Баян-Өлгий аймгийн "Зергер интернэшнл" компанийн махны үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Малыг олон улсын "Халал" стандартын дагуу нядалдаг тус үйлдвэрийн хувьд мах боловсруулах үйл явцыг нь Ираны хүнсний мэргэжилтнүүд болон малын эмч нар нэг бүрчлэн хянадаг ажээ. Гэвч эдгээр мэргэжилтнүүдээ Монголд ирүүлэх зөвшөөрөл авч чадахгүй байгаагаас үүдэн үйлдвэрийн ажил гацсан байсан юм.
Тэгвэл уг асуудал нааштайгаар шийдэгдэж, Гадаадын иргэн, харьяатын газраас Иран Улсын мэргэжилтнүүдэд виз олгох зөвшөөрөл өгсөн байна. Иймээс махны үйлдвэр ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Ө.Нурболат