Могойтын хөдөө аж ахуйн техниккумд суралцах сурагчдаа хүргэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-13 18:29:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Могойтын хөдөө аж ахуйн техниккумд тэтгэлгээр суралцах сурагчдыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох хүргэж өгч, сургууль болон амьдрах орчинтой нь танилцсан юм. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан таван сурагч хэлний бэлтгэл зургаан сар, малын бага эмч мэргэжлээр 2,5 жил нийт 3,1 жилийн хугацаанд суралцана.

“Сүхбаатар аймгийн сурагчид манай сургуульд ирж суралцах болсонд маш их баяртай байна. Монгол оюутнууд юмыг их амархан сурч, бас маш их авъяас чадвартай байдаг. Эдгээр хүүхдүүд ч тийм гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс сурагчдын сургалтын болоод амьдрах орчин нөхцөлд их анхаардаг. Учир нь хүүхдүүд зөвхөн сурахдаа гол анхаарлаа хандуулах ёстой. Бид шинэ сурагчиддаа анхаарал халамжийг сайн тавих болно. Энэ сургалтаар бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна. Цаашид Сүхбаатар аймгаас олон сурагч манай сургуулийг зорин ирээсэй гэж хүсч байна. Тэр үед бид маш баяртайгаар угтан авах болно. Би 2002 онд Монгол Улсад докторын зэрэг хамгаалсан” хэмээн Могойтын хөдөө аж ахуйн техникумын сургуулийн захирал Барадишириева Будаханда Гындынжамсоевна хэлэв.

Могойтын хөдөө аж ахуйн техниккумд 10 гаруй мэргэжлээр 500 гаруй хүүхэд суралцдаг. Тус сургуульд Дорнод аймгаас гурван оюутан суралцаж байгаа нь анхны Монгол оюутнууд байсан бол өдгөө наймуулаа боллоо. Сүхбаатар аймгаас анх удаа хөрш оронд малын бага эмч мэргэжилтэнг бодлогоор бэлтгэж байгаа бөгөөд энэ нь аймгийн хөдөө аж ахуйн салбарын түүхэнд тэмдэглэхүйц томоохон ажил гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох онцлов. Мөн цаашид хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн болоод бусад мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Сурагчид дотуур байр, хоол, хэлний бэлтгэлийн мөнгийг сурагчид хувиараа төлөх юм. Энэ төлбөр нийт 14000 орчим рубль буюу монгол мөнгөөр 600 орчим мянган төгрөг байх юм байна.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ