Аймгийн Цагдаагийн газар 2017 оны ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-18 19:25:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар 2017 оны ажлын тайлангаа хамт олон болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөлд танилцууллаа. Хүлээн авсан өргөдөл гомдол өмнөх оноос 13,8 хувиар өсч, үйлдэгдсэн гэмт хэргийн 13,2 хувиар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 18,4 хувиар буурсан байна. Энэ үеэр байгууллагын ажил мэргэжлийн аварга алба хаагчид болон шилдэг хамт олныг шалгаруулсан юм.
Аймгийн Цагдаагийн газрын 2017 оны ажил мэргэжлийн аваргаар 11 алба хаагч, шилдэг хамт олоноор, дэд хурандаа Б.Ганхуяг даргатай Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон шалгарав.
Тус цагдаагийн газар нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2016 онд 803-ыг хүлээн авч байсан бол 2017 онд 932 болж өмнөх оноос 129 гомдол мэдээллээр буюу 13,8 хувиар өсчээ. Үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд өмнөх оноос 36 хэргээр буюу 13,2 хувиар өссөн байна. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 65,1 хувийг илрүүлжээ.

Аймгийн Цгадаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нээлтийн үгэндээ “ХЗДХ-ийн яамнаас 2017 оныг иргэдэд ойр, эрхзүйн үйлчилгээний жил болгон зарласан. Үүний дагуу манай газраас иргэддээ үзүүлэх эрхзүйн туслалцааг чанаржуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сайжруулах уриан дор ажил үүргээ аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан удирдамжтай гүйцэтгэлийн шалгалтанд хангалттай дүнтэй шалгагдаж, цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, газрын эрхэм зорилго, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Ирж буй 2018 он бидэнд түүхэн жил байх болно. Ирэх оныг удирдлагын манлайлал үйл ажиллагаагааг боловсронгуй болгох, хамт олныхоо ажиллаж амьдрах бололцоо нөхцөлийг сайжруулах, байгууллагын өнгө төрхийг сэргээх гээд олон ажил манай хамт олныг хүлээж байна. Бид ирэх 2018 онд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аюулгүй амар тайван Сүхбаатарчуудын төлөө олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цагдаагийн ажил үйлилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд ахиц дэвшил гаргаж, иргэний цагдаа байхын төлөө хүч чармайлттай ажиллах болно.”гэв.

Уг үйл ажиллагаанд аймгийн засаг дарга З.Энхтөр урилгаар оролцсон бөгөөд тэрээр аймаг орон нутгийн зүгээс Цагдаагийн газартайгаа нягт хамтран ажиллаж, дэмжиж ажиллахыг хичээж, сэтгэл зүтгэл нэг байгаагаа илэрхийлээд, цаашид аймаг орон нутгийн төсвийн хүрээнд Цагдаагийн газрын гаргасан санал санаачлалгыг дэмжиж, ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа хэлэв.

Тус Цагдаагийн газраас энэ онд ЦЕГ-ын тушаалаар цагдаагийн дэд хурандаа цолоор хоёр, хошууч цолоор нэг, ахмад цолоор хоёр, ахлах дэслэгч цолоор нэг, шинээр офицерийн бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн дэслэгч цолоор тав, Цагдаагийн газрын тушаалаар дэд ахлагч цолоор долоо, хугацааны ахлагч цолоор нэг хүн тус тус шагнуулжээ. Мөн аймгийн Цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой тохиосонтой холбоотойгоор 30 гаруй алба хаагч төр засгийн болон аймаг орон нутгийн шагналаар шагнуулсан байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ