Монгол, Турк, Азербайжан болон Киргизстан улс хамтарсан арми байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-12-19 16:39:49
ТЕГЕРАН. /Мехр/. Монгол, Турк, Азербайжан болон Киргизстан улс нь “Түрэгийн ертөнцийн хамтарсан арми” нэртэй Евразийн хамтарсан арми байгуулах гэж байгаа тухай Ираны “Мехр” мэдээллийн агентлаг мэдээллээ.
 
2013 онд холбогдох улс орнууд хамтарсан арми байгуулах төлөвлөгөөг боловсруулж байжээ. Уг төлөвлөгөөнд тулгуурлан НҮБ-ын Энхийг сахиулах хүчинтэй ижил төстэй хамтарсан арми байгуулж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах аж. Энэ хамтарсан хүчнийг байгуулж, цаашид авч явахад Туркийн Жандармерийн командлалынхан буюу дотоодын цэргийнхэн гол үүрэг гүйцэтгэх гэнэ.

Монгол Улс Дотоодын цэргийн ангиудаа татан буулгасны улмаас энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ холбогдох улс орнууд хэсэг хугацаанд хойш тавиад байжээ. Харин Монгол Улс Дотоодын цэргийг сэргээн байгуулах шийдвэрийг энэ онд гаргасантай холбоотойгоор хамтарсан арми байгуулах төлөвлөгөөг ирэх оноос ажил хэрэг болгох гэж байгаа ажээ. Тодруулбал, энэ армийн бүрэлдэхүүнд багтсан улс орнууд нь  ирэх оноос бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, янз бүрийн мэдээ мэдээлэл болон туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Мөн Туркийн дотоодын цэргийнхэн холбогдох улс орнуудын аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэж сургахын сацуу ЭСЯ-дынх нь аюулгүй байдлыг хангах ажээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ