Н.Байгальмаа: Аяллын төвөгтэй зам биш, хүмүүсийн хэл ам илүү ядраадаг юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-19 18:10:20
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголоос Их Британийн Лондон хот хүртэлх 12 мянган км газрыг тэмээгээр туулж очих зоригтой шийдвэрийг гаргаж, 11 сарын 8-ны өдөр Улаанбаатараас аяллын замдаа гарсан Н.Байгалмаа өчигдөр Өвөрхангай аймагт ирээд байна. Түүнтэй уулзаж, аяллынх нь талаар ярилцлаа.

- Сайн явж ирэв үү?. Улаанбаатараас шууд Арвайхээрт ирж байна уу, эсвэл өөр аймаг, сумаар явав уу?
- 11 сарын 5-ны өдөр төв талбайд аяллынхаа нээлтээ хийгээд, 8-нд шууд наашаа гарсан. Хэдийгээр сар гаруй яваад ирж байгаа ч яг аяллын өдөр 20 гаруй хоног байлаа. Хамт яваа Карл маань хөлөө тэмээнд тийрүүлж гэмтээсэн болохоор эдгэтэл нь хэсэг хугацаанд амарлаа.  
- Замд цаг агаарын байдал хэр байв. Ядарч байна уу?.
- Зам зуур бага зэрэг цастай байсан ч харьцангүй дулаан, гайхалтай сайхан байлаа. Тэгээд ч дулаан хувцсаа өмсөөд байнга хөдөлж байхад даарахгүй л дээ. Үе мөчүүд хөдөлж байхад хөлдөж үхнэ л гэж байхгүй
/инээв/. Байнга хээр гадаа амьдрахад үнэндээ бэрхшээл их, уйлах үе ч зөндөө тохиолдож байна. Тэмээ малдаа хайруулаад л, хүйтэн агаарт нүүр сайртаад л, бас маш их жин хасч байна. Сар гаруй хугацаанд бараг 10-аад кг хассан байна шүү. Гэхдээ аяллын төвөгтэй зам биш, хүмүүсийн хэл ам илүү ядраадаг юм байна. Цахим орчинд миний мэдээлэл дор “Тэмээгээ ядрааж байна, Монгол тэмээг гадаадад зарах гэж байна” гээд л олон дайралт ирж байгаа нь бүр сэтгэл хямруулж орхих юм.
- Эмэгтэй хүн өвлийн хүйтэнд тэмээ унаад Лондонг зорино гэдэг хүн бүрийн санаанд нэг л багтахгүй байгаа байх. Яагаад ийм алхам хийх болов?
- Би Увс аймгийн Өмнөговь сумын харъяат, малчин айлын хүүхэд. Төрсөн цагаасаа 16 нас хүртлээ мал дээр өссөн. Сургуулийнхаа амралтаар цүнхээ үүрээд морь юмуу тэмээгээр гэртээ харьдаг байлаа. Ах дүүс маань бүгд малчин. Ах дүүсээс маань Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн  байхгүй. Нутагтаа гурван сум дамнасан гурван мянгат малчид бий. Тийм болохоор генидээ малч удамтай, Монгол ахуйгаа, тэмээ малыг яаж арчлахаа сайн мэднэ.
Олон шалтгааны үүднээс энэ аяллаа эхлүүлээд байна. Тэмээн жингээр холыг зорих нь миний мөрөөдөл байсан. Нөгөө талаар балар эрт цагт эцэг өвгөдийнхөө Ази, Европыг холбон тэмээн жингээр явж үүсгэсэн түүхийн жим буюу Торгоны замаар өнөөгийн хөгжил сайтай цаг үед яагаад явж болохгүй гэж. Хүмүүс намайг өнгөрсөн зуун руугаа явж байна гэдэг. Тийм биш ээ, бид түүх уламжлалаа сэргээж залгамжилж байх ёстой. Хүн өнгөрсөн үеэ мартчихвал тэр удам угсааны үргэлжлэл байхаа болино. Монголчууд маань нүүдэлчин удмынхаа ахуй амьдрал, түүх соёл, мал маллах арга барил, байгаль цаг ууртайгаа дасан зохицдог ухааныг мартаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Гуравт би аялал жуулчлалын салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх вэ, яавал Монголыг дэлхий нийтэд сурталчлах вэ гэж боддог. Энэ аялалын маань үр өгөөж, нөлөөлөл нь асар их байх болно гэдэгт итгэлтэй байна.
- Аяллаа дулаан улиралд эхлүүлж болохгүй байсан юмуу?
- Монголчууд эрт дээр үеэс л халуун дулааны улиралд тэмээгээр жин тээдэггүй, хүйтэн сэрүүн оруулж байж явдаг байсан.
- Аялалдаа зориулж судалгаа хийв үү, ер нь хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?
- Хэдэн жилийн өмнө нэг Австрали нөхөр Монголоос хоёр морь худалдаж аваад Унгар хүртэл мориор явсан байгаа юм. Гэтэл Монголчууд бараг морины дэл дээр төрдөг байсан, мориор дэлхийн талыг туулж эзэлж  байсан хүмүүс. Гадаадын хэн нэгэн дуртай хүн ирж бидний өв соёлыг өөрийн болгон эзэмшиж, түүгээр алдаршиж байхад бид яагаад өөрийн цус, удам угсаанд байгаа чадварыг ашиглаж, Монголоо сурталчилж чадахгүй байгаа юм бэ? гэж бодсон. Энэ аяллыг хийх гэж олон жил судалгаа хийсэн. Дэмжиж байсан хүн ховор. Дэлхийгээр хөндлөн гулд 18 жил явган аялал хийж байгаа  Английн алдарт аялагч Карл Бушби Монголд ирээд надад “Энэ аяллыг хийх хэрэгтэй” гэж урам зоригийг өгсөн юм. Аяллын маршрутаа 4 сард гаргаж, 7 сарын 20-иор тэмээгээ худалдаж авсан.  “Боломжгүй, бүтэхгүй” гэж хэлж байгаа хүмүүст “боломжтой” гэдгийг харуулахын тулд, “чаднаа” гээд амжилт хүссэн хүмүүсийн итгэлийг алдахгүй, зорьсон ажлынхаа ард гарахын тулд хань нөхөр, үр хүүхэд, орон гэрээ орхиод хол замыг туулж явна.
- Улаанбаатараас Өвөрхангай орох замыг сар орчмын хугацаанд тууллаа. Лондон хүртэл хэр хугацаанд явна гэж төлөвлөж байгаа вэ?
- Өдөрт 30 км явах нормтой. Өвлийн улиралд өдөр богинохон. Өглөө 6 гэж босоод цай ундаа ууж, тэмээгээ ачсаар байтал 10 өнгөрнө. Тэмээ ачина гэдэг их урлагтай ажил. Нэг тэмээ туйлахад бусад тэмээний ачаа нь унахгүй байхаар бодож ачина. Тэгээд удалгүй орой болж, нар шингэчихнэ. Тиймээс цаг хугацааг их авч байна. Гэхдээ яарч сандрах шаардлага байхгүй. Өвөрхангайгаас Баянхонгор, Говь-Алтай, Ховдын Булган сумаар дайраад Хятад, Казакстан гээд 15 орныг дайрч явна. Эцсийн зогсоол бол Англи, энэ хүний төрсөн нутаг. Монголчууд минь тэсвэртэй хүлээж байгаарай. Бид чинь нисч байгаа биш, унаа машинаар явж байгаа биш, малын, хүний хөлөөр явж байгаа учраас их удаан явна. Хүн, малын эрүүл мэнд, цаг агаарын байдал гээд олон зүйлээс шалтгаална. Ерөнхий байдлаар гурван жил явах болов уу” гэж бодож байна.
- Олон улсаар дайрах юм байна. Визний асуудлыг яаж зохицуулсан бэ, тэмээ малыг хилээр гаргах болов уу?
- Асар их асуудал тулгарна гэдгийг ойлгож байна. Нэг хүн гадаад гарах гэж ямар их бичиг баримт бүрдүүлдэг билээ, гэтэл би арван тэмээ хөтлөөд орно гэдэг бол хэрээс хэтэрсэн зүйл. Би юуны түрүүнд өөрсдийн аяллаа дайрч гарах улс орнуудынхаа мэдээллийн сувгуудаар цацаж байгаа. Дэлхий дахинд сонсоод эхэлчихэж. Хятад, Энэтхэг гээд гадны сайтуудаар биднийг мэдээлж байна. Тиймээс миний зорилгыг урьдчилаад мэдчихсэн байх гэж найдаж байна. Би ямар улс гүрэнд бөмбөг дэлбэлэх, хор уршиг тарих гэж яваа биш. Монголынхоо түүх, соёлыг өөрийн хэл яриа, өмссөн хувцас, тэмээ малдаа тээгээд л эх орноо сурталчлах гэж л явж байна. Өвөрмонголчууд, Казакстан, Пакистаны Монгол гээд түүхийн замд үлдэж хоцорсон, Монголчуудтай удам нэг болох хүмүүс бидний талаар мэдээлэл сонсож, харилцаж эхэлсэн. “Тэсч ядан хүлээж байна” гэдгээ ви чатаар илэрхийлсээр байгаа.
Хоёрт тухайн улс орнуудын алдартай аялагчдаар багаа бүрдүүлж байгаа минь дэлхий дахинд мэдээлэл өгөх гэсэн бас нэг санаа юм. Жишээлбэл дуучин Б.Сарантуяа дэлхийн тойрон аялал хийхэд бид түүнийг хаана явж байна вэ гээд л сонирхоно шүү дээ. Ер нь надад Монголчуудаас гадна гадны хүмүүсийн дэмжлэг ч их хэрэгтэй байна.
- Тусалж дэмжиж, ивээн тэтгэсэн байгуллага, хувь хүн бий юу, санхүүгийн зардал маш их гарах байх аа?
- Аяллын нээлтэнд БОАЖЯ-аас дэмжлэг үзүүлнэ гэж байсан ч Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдсонтой холбоотойгоор өвлийн аялал жуулчлалыг зогсооно гэх шийдвэр гарч, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч Увс аймагт ажиллаж амьдардаг найз Насанбаяр, Өвөрмонгол найз Нандин нарынхаа тусламж, хичээл зүтгэлээр болон гадаадад амьдардаг Дэлгэрцэцэг хэмээх охин эмээ нь Өмнөговийн тэмээчин байсан гээд надад тусламж дэмжлэг үзүүлсний ачаар нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж чадсан. Талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулахад сарын өмнө мэдэгдэж, долоон газраас зөвшөөрөл авдаг юм байна. Гэвч зорьсон ажил маань саадгүй эхэлж, найз нөхдийнхөө ачаар хоёрхон хоногийн дотор амжуулсан.
Аяллынхаа талаар Юнител, Мобиком гээд томоохон байгууллагуудад хандаж танилцуулсан ч татгалзсан хариу өгсөн. Тиймээс аяллаа ивээн тэтгэгчгүйгээр, бор зүрхээрээ эхэлсэн. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг 2019 он гартал авахуулаад аялалдаа нэмэрлэчихсэн. Найз нөхөд болон зам зуур намайг хараад сэтгэл нь хөдөлсөн хүмүүс хоолны мөнгө өгдөг. Зарим нь гэртээ урьж цай хоол идээд амраад яв гэх зэргээр Монгол хүний сайхан сэтгэлийг гаргаж байна. Уг нь манай Монголчууд зочломтой зан чанартай хүмүүс шүү дээ.
- Тэмээнүүдээ хэр арчилж анхаарч байна вэ?
- Манай тэмээд Ханын хэцийн хүрэн үүлдрийн шилмэл тэмээнүүд. Уналга, ачилга гээд эдэлж байгаагүй, залуу тэмээнүүд учраас сургахаас эхлээд тэмээнүүддээ л их цаг зарцуулж байна. Аялалд гарахаас өмнө Канад, Австарлиас эмч урьж 17 төрлийн халдварт өвчний шинжилгээнд хамруулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн. Чип суулгасан, Хүчит шонхор захаас хонины 20 толгой авч өмхийрүүлж байгаад тархийг нь түрхэх, айл тааралдвал үнсийг нь гуйж аваад хэвтүүлэх, хөрвөөлгөх жишээний. Өөрөөсөө илүү хооллож, хужирлаж, витаминжуулж байгаа. Би чинь өөрөө жин хасаад нүд нь гархилаад л явж байна даа. Энэ аяллын онцлог нь тэмээ учраас тэмээгээ хайрлах нь тодорхой. Хүмүүс ч тэмээгээ хайрлаарай гэж захиж байна.
- Аяллын бүрэлдэхүүнд хэдэн хүн яваа юм бэ, хамт аялах хүн нэмж авна гэж зарласан байсан?
- Анх таван орны найман хүнтэй баг гарч байсан ч одоо Карлтайгаа хоёулаа л явж байна. Карл бол бүх юмаа золиосолж, амьдралаараа дэнчин тавьж, 18 жилийн турш дэлхийг явганаар алхан туулж байгаа хүн. Одоо ч тэмээ унадаггүй, явган явж байна. “Бусдыг хуурч болно, өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй” гэсэн байр суурьтай энэ хүний зарчимч зан надад хүч өгдөг юм. Хамт явсан хүмүүс маань мах, гурилнаас өөр юм идэхгүй, амьдралын өөр хэв маягт ороод ирэхээр шантарсан ч байж магадгүй, замын дундаас буцсан. Заримынх нь виз дуусахаас эхлээд асуудал гарсан. Тэмээ малд дөртэй, тэсвэр хатуужилтай, ажилсаг, сэтгэлзүйн болон биеийн бэлтгэлтэй, түүхийн нэг хэсгийг бүтээх хүсэлтэй хүмүүсийг багтаа нэмнэ.  Залуучууд зөндөө л холбогдож байгаа боловч хоёр өдөр яваад л шалтаг тоочоод буцчих юм.
- Таныг ийм зоригтой шийдвэр гаргахад гэр бүлийн хүмүүс яаж хүлээж авсан бэ?
- Нөхөр маань аялал жуулчлалын салбарын хүн. 14 настайгаасаа энэ салбарт ажиллаж эхэлсэн. Бид хоёр аялж яваад л танилцсан, аялаж яваад гэр бүл болсон, аялаж яваад л хүүхдээ төрүүлсэн. Бид дэлхийн 20 гаруй орноор аялсан байна. Манай хүн маш их дэмжиж байгаа, хоёр охин маань сургуулийнхаа амралтаар над дээр ирж, хамт аялах юм. Ээж минь миний түшиг тулгуур, хамгийн их тусалж байгаа хүн. Миний аяллаар манай удмынхан бахархах байх гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа. Таны урт замд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
- Хүнд бие бялдрын хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээ гэж байдаг. Та бүхнийхээ ерөөлийн үгээр урам авч эхлүүлсэн ажлаа амжилттай дуусганаа. Амьдрал хүнд дааж чадах ачааг л үүрүүлдэг. Төсөөлөхийн аргагүй зовлон бэрхшээлтэй нүүр учирч байгаа ч давсаар явна. Монгол эмэгтэй, Монгол эх хүний төлөөлөл болж, Монголынхоо нэр төрийг дааж яваа учраас хичээх болно гэдгийг Монголчууддаа хэлье.
Ярилцсан Б.Батчимэг
Холбоотой мэдээ