Судалгаанд оролцогчдын 65 хувь нь татварын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-09 17:19:14

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сард болдог “Татварын 7 хоног” энэ жил “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор үргэлжилж байна.


Өнөөдөр “Хариуцлагатай татвар төлөгч ба Татварын боловсрол” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг Татварын ерөнхий газар, “Монголтакс ТМЗ” болон “Насан туршийн татварын боловсролын академи” ТББ, МҮХАҮТ-аас байгууллага, ААН-үүдийн нягтлан бодогч нар, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулав.


Бизнес эрхлэгчид татварын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэлдэг. Тодруулбал, татварыг бүх нийтээр жигд, шударгаар төлдөг болох, татварын нэр төрөл ачаалал, давхардал их байгааг анхаарах хэрэгтэй байгаа гэдэг. Энэ нь судалгаагаар гардаг бөгөөд бизнесийн орчны судалгаанд оролцогчдын 65 хувь нь ийнхүү үздэг талаар МҮХАҮТ-ын Эдийн засаг, судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар танилцууллаа.


Татварын орчны үнэлгээ мөн буурсан үзүүлэлттэй гарсныг тэрбээр мэдээлсэн юм. Ялангуяа үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үнэлгээ хамгийн бага гарчээ. Тиймээс бизнес эрхлэгч нар:

татварын хувь хэмжээг бууруулах,

  • НӨАТ-ыг багасгах,
  • НДШ-ийг бууруулах,
  • татварын уян хатан бодлого,
  • гаалийн татварын хөнгөлөлт зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь татварын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно хэмээн үзжээ.


Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн бүртгэл, татварын тайлагнал бүрэн цахимжсан талаар мэдээлж, ингэснээр татвар төлөлт, хяналт шалгалтыг хялбар болгож буйг мэдээллээ.

Монголбанкнаас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 74 хувь татварын боловсрол муу, 66 хувь нь үүнийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжин мэдээлж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгааг хэллээ. Энд:

  • иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах үйл ажиллагааг хүүхдийг бага насны хүүхдүүдээс эхлэх,
  • оюутан, залууст татварын талаарх мэдлэгийг хичээлтэй нь уяж оруулах,
  • хөдөө орон нутагт сургалт, хөтөлбөрийг илүү хүртээмжтэй хэрэгжүүлэх,
  • нөлөөлөх зэрэг ажлыг улс даяар зохион байгуулах орж байна.

“Татварын 7 хоног”-оор маргааш буюу 5 дугаар сарын 10-нд “Үнэ шилжилтийн тайланг тайлагнах, анхаарах асуудал” сэдвээр Татварын ерөнхий газарт сургалт зохион байгуулах аж. Түүнчлэн зах, худалдааны төвд худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтаар мөн үргэлжлэх нь.


“Цахим төлбөрийн баримтын системд экспортын болон дотоодын гэрээ бүртгэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн баримт үүсгэх”, “Татварын байцаагч ах, эгчийн нэг өдөр” сэдэвт танилцуулах уулзалтууд болно. 


Холбоотой мэдээ