Жил бүрийн хамгийн олон үзэгчтэй "Art week-2024” үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-09 19:00:16

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ulaanbaatar art week-2024” үзэсгэлэн үргэлжилж байна. 


Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага, цар хүрээг олон нийтэд толилуулах, урлагийн боловсролыг хөгжүүлэх, уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээнд суурилсан бүтээх орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй энэхүү үзэсгэлэнг Соёлын яам МУЭ-тэй хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм.


“Урлагийн долоо хоног” нь орчин цагийн бүтээлийг олон нийтэд толилуулдаг бүтээлч илэрхийллийн баяр юм. Улаанбаатар хотын хамгийн сонирхолтой байршилд орчин үеийн урлагийн бүтээлүүдийн төвлөрлийг үүсгэж, олон нийтэд нээлттэй галерейг бүтээн, артистууд, бүтээлүүдтэй танилцах боломжийг “Art week” олгодог.


Энэхүү долоо хоногийн хүрээнд Пассаж төвийн үзэсгэлэнд 25 бүтээлчийн 90 орчим бүтээлийг үзэгчдэд толилуулж байна.


Тухайлбал, М.Эрдэнэбаярын “Тэнгэрийн зогсоол” цуврал, “Хотын морь”, Ё.Чанцалдуламын “Өөрийн дотор түүний гүнд” өрөг урлаг, Н.Сүхбүрэнгийн “Мартагдсан зөн”, “Лус” керамик урлаг, Э.Жанцанхоролын “Өнөөдөр сүнс хаана байна вэ” холимог техник, Ц.Ариунтөгсийн “Үл нэрлэгдэх үйлдвэрлэл” холимог техник, Ц.Соёлмаагийн “Зуун жилийн ганцаардал” зэрэг зураач, уран бүтээлчдийн бүтээлийг үзэж сонирхох боломжтой. 


Энэ жил уламжлалт хэллэгтэй уран зургаас гэрэл зураг хүртэл, медиа артаас зөөлөн баримал хүртэл хүн бүрд тохирсон хүртэхүйн таашаалд нийцэх бүтээлүүдийг дэлгэж буйгаараа онцлогтой юм.


Үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Б.Бат-Эрдэнэ, ко-куратороор М.Батзориг, туслах куратороор Б.Цэцэгбадам, М.Амина нар ажиллаж байна.

Ко-куратор М.Батзориг: Арт вийк нь зохион байгуулагдсан цагаасаа зураач, урчууд хийгээд үзэгчдийн хүсэн хүлээдэг, тухайн жилийнхээ хамгийн том дүрслэх урлагийн баяр болон өргөжиж байна. Энэ утгаараа эл үзэсгэлэн дүрслэх урлагийн салбарынхны хүрсэн зорилт, амжилт, хийсэн бүтээснээ олон түмэнд харуулж болох чухал индэр юм. Хэдийгээр жил бүр олон янзын үзэсгэлэн, төсөл Монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг нийтэд таниулж байгаа хэдий ч тэр дотор өөрийн гэсэн өнгө аяс, хэлэмжээрээ ялгарсан бүтээлчдийн дуу хоолой үзэгчийн ихэнхэд чанга, тодоор хүрч чаддаггүй. Үзэсгэлэн гаргасан ч цөөхөн хүрээлэлд л үздэг. Зарим сайн бүтээл үзэсгэлэнд оролцолгүйгээр гадаад, дотоодын хувь цуглуулгад зарагдчихдаг. Энэ мэт шалтгааны улмаас хувь мөн чанартаа үнэнч үлдэж чаддаг уран бүтээлчдийн ихэнх нь олонхын анхаарлыг татахгүй өнгөрөх нь олон. Иймээс уран бүтээлчдээ нэгтгэн сонгож шинэ орон зайд байршуулан харах, харснаа нэгтгэн тухайн жилийнхээ хамгийн олон үзэгч үздэг үзэсгэлэнд зориулан дэглэх хүсэл маань энэ үзэсгэлэнд намайг хөтөлсөн юм.


Туслах куратор Б.Цэцэгбадам: "Art week-2024” нь кураторуудын үүрэг, тэдний оролцоо, ач холбогдлыг таниулах, өнөө цагийн Монголын урлагт нэн үгүйлэгдээд буй “кураторын өнцөг” гэх ойлголтыг олон нийтэд дэлгэж буйгаараа урлагийн хөгжилд чухал нөлөөтэй үйл ажиллагаа юм. Бүтээлийг ямар орон зайд, хэрхэн байршуулснаас хамааран тухайн цэгт хөдөлгөөн үүсэж, тэрхүү үл анзаарагдам хөдөлгөөнүүд нэгдэн нийлснээр үзэсгэлэнгийн дэглэлт буюу өрөлт-тоглолтыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, бүтээлээр дамжуулан орон зайн мэдрэмж үлдээхийг эрэлхийлсэн санамсаргүй бус үйлдлүүдийн нийлбэр нь үзэсгэлэнг бүтээдэг гэхэд болно. Үүн дээр бичвэр нэмэгдэнэ. Хэрэв бичиж тэмдэглээгүй бол үйл явдлын товчооноос хэтрэхгүй. Тиймээс урлагийн долоо хоногт бие даасан кураторууд хамтран оролцож, урлагийн олон янз хэллэг, бүтээлчийн тайлбар хийгээд үзэгчийн тайлал ойлголтыг нэгтгэсэн уулзалт, хөтөлбөрүүдийг багтааснаараа энэ удаагийн  "art week" онцлог болж байна” гэв.



Энэ сарын 12-ныг хүртэл Пассаж төв, Чингис хаан Үндэсний музей, Хүүхдийн урлан бүтээх төв, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урланг зорьж дүрслэх урлагийн гайхамшигт ертөнцөөр аялан, монгол уран бүтээлчдийн авьяас билгийг сонирхон үзэх боломжтой.   



Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Ulaanbaatar art week” үзэсгэлэнгээр 20 мянга гаруй үзэгч зочилж, цахим хуудсаар 2 сая гаруй хандалт авсан байна.











Холбоотой мэдээ