"Лалын улс"-ын 500 машиныг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-19 11:07:07

МОСКВА. /NHK/. Сирид өгсөн агаарын цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн нефть тээвэрлэгч 500 орчим машиныг устгасан гэж ОХУ-ын арми мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа газар нутагт сүүлийн хоёр хоног дараалан өгсөн агаарын цохилтоор тус бүлэглэлийн ачааны машинуудыг устгасан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Босогчдын бүлэглэлийн хяналтад байдаг Сирийн нефтийн талбайгаас Ирак дахь боловсруулах үйлдвэрийг чиглэн явсан ачааны машинууд агаарын цохилтод өртсөн байна.

Нефтийн хууль бус борлуулалтаас олсон орлого нь “Лалын улс” бүлэглэлийн санхүүжилтийн эх үүсвэр гэж үзэж байна.

Сүүлд гаргасан зорилтын хүрээнд явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд бид тус бүлэглэлийн нефть тээвэрлэгч машинууд болон нефтийн байгууламжуудыг устгана гэж ОХУ-ын арми мэдэгдэлдээ дурдав.

Өнгөрсөн сард Египетэд сүйрсэн ОХУ-ын зорчигч тээврийн нисэх онгоцны осол тэсрэх бөмбөгнөөс үүдэлтэй болохыг тогтоосны дараа Москва “Лалын улс”-тай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ