Агаарын бохирдлын эсрэг тусгай сан байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-05 13:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг хийв.

Өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ажиглалтын 50 гаруй хувь нь стандартаас давсан бохирдолтой. Агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн гараагүй, цаг алдаж байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настан амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл өндөр байгаа юм. Товчдоо, суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн дээрх төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар тусгажээ. Энэ тусгай сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Ингээд тэдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх саналаар санал хураалт явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Б.Туул

Холбоотой мэдээ