Төв аймгийн 17 сум зудтай, 10 сум зудархуу нөхцөлд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-01-06 18:39:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 17 сум цагаан зудтай, 10 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна. Зудтай 17 сумаас 14-ынх нь нөхцөл байдал илүү хүнд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн жил Төв аймгийн 20 сум зудтай, долоон сум зудархуу байснаас 45 мянган толгой мал хорогдсон. Энэ жил Төв аймгийн Алтанбулаг, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Угтаалцайдам, Аргалант, Баянхангай гэсэн 17 сум цагаан зудын нөхцөл байдалтай байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим толгой мал хорогдоод байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдулам: “Төв аймгийн нийт нутгаар зун зуншлага тааруу байснаас өвөлжилт хүнд байна. Цасны зузаан аймгийн хэмжээнд дунджаар 19-20 см бол зудтай сумдаар 20-22 см байна. Малчид одоогоор өөрсдийн нөөцөлсөн өвсний 70-80 хувийг хэрэглэчихсэн” гэлээ.

Цас ихтэй байгаагаас малын шилбэ халцарч, мал бэлчихэд хүнд байгааг малчид хэлж байв. 

Аймгаас “Милл хаус” ХХК-тай гэрээ байгуулан өвс 250 сая, тэжээл 110 сая төгрөгөөр тус тус худалдан авч өвөлжилт хүндэрсэн малчдад хямдралтай үнээр олгож эхлээд байна. Мөн Аймгийн Засаг даргын захирамжаар “Аюулгүй нөөц”-ийн өвснөөс 180 тонныг өвөлжилт хүндэрсэн сумдад 5850 төгрөгийн үнээр борлуулж эхэлжээ.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ