Евразийн эдийн засгийн холбоо Монголтой хамтран ажиллаж эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-19 15:40:22

ЕРЕВАН. /panarmenian/ Евразийн эдийн засгийн комиссын Интеграц болон макро эдийн засгийн сайд Татьяна Валовая энэ сарын 12-13-нд Монголд ажлын айлчлал хийхдээ Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол хоорондын хамтын ажиллагааг сайшаав.

Хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг харилцан сонирхож буйн нотолгоо болсон хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан анхны уулзалтаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн байна гэж Валовая Монголын албаны хүмүүстэй уулзахдаа мэдэгджээ.

Евразийн эдийн засгийн холбоо болон Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалтад Валовая Монголын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хамт оролцсон байна.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдгээр орон руу гаргах Монголын уламжлалт бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тэрчлэн экспорттой холбоотой тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулах сонирхолтой байгаагаа Монголын тал нотлов.

Евразийн эдийн засгийн холбоо болон Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Монголын талаас гаргасан саналыг анхааралтай судлахаа  Евразийн эдийн засгийн комисс мэдэгджээ.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд голдуу Евразийн хойд хэсгээр оршдог байна. Тус холбоог байгуулах гэрээг анх 2014 оны тавдугаар сарын 29-нд Беларусь, Казахстан, ОХУ-ын удирдагчид байгуулсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ