Ахмадуудынхаа алжаалыг тайлах шинэ сувилал үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-12 14:15:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд ахмад настны сувилал ашиглалтад орж үүд хаалгаа нээлээ. Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг байсан төмөр замын эмнэлгийн ашиглагдаагүй удсан барилгыг засварлан ийнхүү ахмадууддаа зориулан ахмадын өргөө, ахмадын сувилал бүхий нэг цонхны үйлчилгээ бүхий барилгыг Мандалчууд ашиглалтад оруулжээ.
Энэхүү ахмадад хүрэх цогц үйлчилгээ бүхий барилгын нэгээхэн хэсгийг эзэгнэн үйл ажиллагаагаа явуулах Мандал сумын ахмадуудад зориулсан сувиллын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү цогцолбор барилгыг сэргээн засварлахад сумын Засаг даргын нөөцөөс 150 сая төгрөг зарцуулсны дээр тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Л.Зоригтбаатар, Сэлэнгэ Аймгийн ИТХ-д Мандал сумаас сонгогдсон долоон төлөөлөгч нарын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн ихэд нөлөөлсөн байна. Тус барилга нь 10 гаруй өрөөтэй учраас ахмад настны төлөө хийж хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээг энд төвлөрүүлэн нэг цонхны системээр үйл ажиллагаа явуулахад дөхөмтэй гэнэ. Мандал сум хоёр тосгонтой нийлээд 4000 гаруй ахмад настантай аж. Харин тосгодууд нь өөрсдөө бие даасан ахмадын хороодтой учраас тэндээ үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин энэхүү шинэ сувилалдаа бүгд ирж үйлчлүүлэх үүд хаалга нээлттэй ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ