Д.Зэмбээ:Хүүхдээ хохироохгүй зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх суурийг л зөв тавьж өгөх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-15 13:47:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том сум гэгдэх Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 багтай. Түүний нэг сумын төвөөсөө алслагдсан “хөдөө” хэмээх тодотголтой “Тарни” багт аймагтаа анхны ”сургууль-цэцэрлэгийн цогцолбор” үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй долоо дахь жилтэйгээ золгож байна. Тус цогцолборыг өнөөдөр боловсролын болоод төрийн байгууллагын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан туршлагатай, дайчин хөдөлмөрч нэгэн бүсгүй удирдан чиглүүлж яваа юм. Хөдөөгийн нөхцөлд СӨБ-ын болоод бага боловсролын үйл ажиллагааг цогц байдлаар хүргэж буй анхны тодотголтой цогцолборын захирал Д.Зэмбээтэй уулзаж, ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу, та. Танд шинэ оны мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд ч бас шинэ оны мэнд хүргэе. Мөн энэ дашрамд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын удирдлагуудаа төлөөлөн нийт боловсролын салбарын хамт олондоо шинэ оны баярын мэндийг хүргэж, шинэ ондоо аз хийморьтой, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Танай цогцолбор аймагтаа анхны, бас хөдөөгийн багт гэдгээрээ нэлээд онцлогтой байхаа. Байгууллагынхаа өнөөгийн үйл ажиллагаа хийгээд өнгөрсөн оныхоо амжилт ололтоос сонирхуулахгүй юу?
-Улиран одож буй он маань манай байгууллагын түүхэнд маш сайхан дурсах зүйлтэй, хийж бүтээсэн ажил ихтэй жил байлаа. Манай сургууль, цэцэрлэгийн цогцолбор аймагтаа ганц гэдгээрээ онцлогтой байгууллага. Сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байна. Энэхүү хөгжлийг бий болоход аймаг, сумын удирдлагууд, боловсрол соёлын газрын удирдлагууд мэргэжилтнүүдийн дэмжлэг туслалцааны ард  түүнийг бүтээж байгаа манай байгууллага хамт олны сэтгэл шингэсэн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд хөдөөгийн нэгэн буйдхан багт СӨБ-ийн болоод бага боловсролыг хүүхдүүдэд тэгш хамруулах орчин маш сайн бүрдэж чадлаа гэж бодож байгаа. Тухайлбал манай бага сургууль, цэцэрлэг нэлээд онцлогтой. Энд хоёр өөр байгууллагын үйл ажиллагааг цогцолбор хэлбээр явуулж байна. Гэсэн ч манай байгууллагын үзэл баримтлал, алсын хараа стратег нь нэг явдаг. Өөрөөр хэлбэл дотоод журам нэг гэсэн үг. Харин үйл ажиллагаа нь яалт ч үгүй хоёр өөр. Бага боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг маань хоорондоо ялгаатай шүү дээ. Гэхдээ тэнд нэг хамт олон ажиллаж байна. Цогцолбор байгуулагдаад 7 дахь жилдээ явж байна гэж хэлсэн. Энэ өнгөрсөн хугацаанд удирдлагын зүгээс алхам алхамаар хөгжлийн өндөрт хүрэхийн тулд ажилласан. Зүтгэл талаар болоогүй, шат дээшилж явна. Аймаг, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд зарим асуудлууд маань тусгагдан дэмжигдэж шийдвэрлэгдлээ. Үүний үр дүнд манайх интернетэд холбогдсон. Ингэснээр тэнд ялангуяа мэргэжлийн залуу багш нарыг тогтвортой ажлын байраар хангахад маш том нөлөө болж байгаа юм. Мөн сая шинэ оны босгон дээр камержуулалт тавигдсан. Түүнчлэн байгууллагын гадна гэрлэн хаяг, гадна дотно тохижилт гээд их зүйл хийсэн. Манай сургуулийн халаалтын нам даралтын зуух асуудалтай байсан. Бид цахилгаанаар болон ердийн галлагаагаар ажилладаг хосолсол зуух авч тавьж шийдвэрлэсэн. Энэ мэт сургалтын үйл ажиллагааг хэвийн, таатай орчин нөхцөлд явуулах боломжийг ямар нэгэн доголдолгүйгээр бүрдүүлэн өгч чадсан. Бидний дэвшүүлж буй бас нэгэн том зорилт бол эко хотхон байгуулах ажил байлаа. Өнгөрсөн жил ногоон хотхон байгуулах, хавар, намрын мод тарих, орчны тохижилтыг өөрсдийн нөөц боломжоор хийсэн. Энэ бүгдэд манай эцэг эхчүүд, иргэд маш идэвхитэй оролцсон. Ингэж хөдөөгийн орчинд төвийн хүүхдүүдийн суралцах орчинтэй ойртуулж, ая тухтай орчинг бүрдүүлэн ажиллалаа. 
-Олон багуудаас яагаад заавал Тарни багт энэ цогцолборыг байгуулах болсон нь учиртай л байх даа. Энд хичнээн өрх, иргэд амьдарч байна. Сургууль, цэцэрлэгийн тань хамрах хүрээ хэр өргөн бэ?
-Өмнө Тарни багт 30 гаруй жилийн түүхтэй бага сургууль байсан. Би очоод цэцэрлэг байгуулсан юм. Манай баг дээр 340 гаруй өрх, 1200 иргэн амьдарч байна. Зуны улиралд механик төвлөрөл ихтэй байдаг. Манай Мандал сумын хөгжлийн чиг хандлага, бодлого,  газар төвлөлт ерөнхийдөө Тарни зүгрүүгээ чиглэсэн байдаг. Манай багийн онцлог нь дэд бүтэц сайтай, тэнд төмөр замын өртөө байна. Мөн үзэсгэлэн төгөлдөр сайхан байгальтай. Иймээс хүмүүс хөдөө рүү чиглэсэн, тэмүүлсэн зундаа байгалийн сайханд аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг. Хүүхдийн зуслан, амралт, сувилал олноороо байдаг. Түүнийг дагаад тэнд суурьшмал хүн ам олноор бий болдог. Энэ бүх байдлаас шалтгаалан зайлшгүй боловсролын ажил үйлчилгээ Тарнид хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад цогцолбор байгуулсан даа. Ирээдүйд хөгжих нөхцөл их бий. Манай цэцэрлэг гурван бүлэгтэй. Тарнихаа төв дээр хоёр бүлэг бий. Багаас 10-аад км-ийн зайд Дарьт гэж ШШГ-ийн 433-р хорих анги байдаг. Тэнд нэг салбар бүлэг бий. Нийт 60 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Энэ нь Тарни багийн СӨБ-д хамрагдах ёстой хүүхдүүдийн 50 орчим хувь нь гэсэн үг. Цаашид өшөө анги нээх хэрэгцээ бий шүү. Өнгөрсөн хугацаанд ажиглаж байхад сургуулийн өмнөх боловсрол олгоод 1-р ангид орж байгаа хүүхдүүдийн байдлаас харж байхад үнэхээр л сургуулийн өмнөх боловсрол ямар их хэрэгтэй байдаг нь ажиглагдсан. Манай цэцэрлэг байгуулагдаад 6 жил болж байна. Сургууль 1-5-р ангийн нэг нэг бүлэгтэй. Мэргэжлийн багш нар бүрэн хангагдсан.
-Хөдөөд тэр дундаа СӨБ-ын болоод бага боловсрол олгох цогцолбор үйл ажиллагааг явуулахад хүндрэл гарах юм уу. Ямар нэгэн тулгамдсан асуудал юу байна?
-Удирдлагын зүгээс байгууллагын стратегийн эхний таван жилийн хугацаанд энэ байгууллагыг хөл дээр нь тогтоох гэсэн бодлого барьсан. Одоо хөгжлийн дунд үедээ ороод явж байна гэж миний хувьд боддог. Тэгэхээр өнөөдөр энд хүний нөөцийн чадавхиас эхлээд орон нутагт ийм байгууллага оршин тогтнох бүхий л бололцоо бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Одоо цаашид улам өргөжүүлэх, хөгжүүлэх л чухал. Манай цэцэрлэгийн барилга байгууламж, халуун хүйтэн ус бүх асуудал стандартаараа шийдэгдсэн. Харин сургуулийн байр 50 гаруй жилийн түүхтэй, шургааган модон барилга байдаг. Түүнийг анх сургуулийн зориулалтаар биш айлын зориулалтаар барьж ашиглаж байсан юм билээ. Цаашид хүүхдийн тоо өсөөд, анги дүүргэлт нэмэгдээд ирэхээр ажиллах ямарч боломжгүй болно. Тэнд нэг ангийн 25 хүүхэд багтах ямарч боломжгүй жижигхэн өрөө тасалгаатай. Мэдээж нөгөө талаас 50 гаруй жилийн насжилттай барилга гэхээр ойлгомжтой шүү дээ. Иймээс бидний хамгийн гол тулгамдсан, аймаг сумын дарга нарын гол шийдвэрлэх асуудал бол тэр хөдөөд бага сургуулийн барилгын асуудлыг шийдэх л нэн чухал болоод байна. Мэдээж тэнд хүүхэд хөгжих бүхий л боломж бүрдсэн спорт, урлаг, ном унших гээд иж бүрэн барилгын асуудал байх ёстой.
-Тарни багийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн авч байна. Сургууль, цэцэрлэг нь байна. Эмнэлэг, банк гээд . . ?
-Манай баг дээр бага эмчтэй. Түнхэлийн их эмчийн салбар долоо хоногт цагийн хуваарийн дагуу ирж ажилладаг. Төрийн үйлчилгээний хувьд энэ онд багийн стандартын байр барихаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Ингээд ирэхээр төрийн үйлчилгээ нэг цэгээс иргэдэд хүрэх боломж нээгдэнэ байхаа. Өнөөдөр харьцангуй долоон жилийн өмнө намайг очиж байсан үетэй харьцуулахад их хөгжсөн шүү. Баг дээр интернэт бий болсон учраас цахим банкаа ашиглаад банкны асуудлаа шийдэж байгаа. Яагаад гэвэл бүх зүйл цахим болсон энэ үед нэлээд асуудал цахимаар шийдэгдэж байгаа нь сайхан шүү. Харин хамгийн гол нь эрүүл  мэндийн асуудлыг хариуцсан эмч нар байх нь чухал. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн цагдаа ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэг ажиллаж байгаа учраас тэнд амьдарч буй хүмүүсийн хариуцлага, хандлага, төвөлшил үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөө, хөдөөгийн хөгжил харагдана. 
-СӨБ болоод бага ангийн хүүхдүүдэд олгож байгаа хүнсний аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна. Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд ямар бүтээгдэхүүнээр хүүхдүүддээ үйлчилж байна даа?
-Энэ маш чухал асуулт байна. Манайх үйл ажиллагааны хамгийн гол зорилт бол хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал талдаа явдаг. Үдийн цай болоод цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудал нэн чухал. Манай Мандал сум өөрөө тендер зарласан. Гэхдээ манай цогцолбор хуулийн дагуу тендерт орох хэмжээний бүтэцтэй биш учраас Мандал сумын бүх сургууль, цэцэрлэгт үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан хоёр компанитай гэрээтэй ажилладаг. Түүгээрээ дамжуулаад стандартын шаардлага хангасан, аюулгүй хүнсний бүтээгэдүүн авч хэрэглэж байна. Нөгөө талаас манайх төвөөс ялгарах нэг онцлдог нь хөдөөд байгаа учраас эко сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Боломжтой цагаан идээг намрын улиралд нөөцөлж авдаг. Хүүхдэд аарц цагаан идээ, тараг, сүүгээр үйлчилдэг. Бас байгууллагынхаа дэргэд хүнсний ногооны талбайтай. Тэндээ жилийн турш биш юмаа гэхэд бүтэн хоёр улирал хүүхдүүддээ өгөх хүнсний ногоогоо нөөшлөөд хэрэглэдэг. Энэ бол маш найдвартай байдаг. Манайх орон нутгийн болон хөтөлбөр, хувь хүний дэмжлэг, дэлхийн зөн ОУБ-тай хамтарч ажилладаг. Мөн эцэг эхийн оролцоо, өөрийн байгууллагын нөөц боломжоор сургалтын орчингоо бүрдүүлж чадсан. Өнгөрсөн жил манай цогцолборын хэмжээнд 50-иад сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн.
-Цогцолборт хамрагдаж байгаа хүүхдүүд ерөнхийдөө малчны хүүхдүүд байгаа юу. Тэдгээр хүүхдүүд хэр холоос ирж байна. Хүндрэл бэрхшээл учирдаг болов уу?
-Манай хүүхдүүдийн 18 орчим хувь нь төсвийн байгууллагын ажилчдын хүүхдүүд байдаг. Үлдсэн дийлэнх нь малчдын хүүхдүүд байгаа. Хамгийн хол нь 8 км-ийн цаанаас ирж байна. Дээр үетэй адил морь малаар ирэх нь багассан. Одоо нэг үеэ бодвол хүмүүс машин унаатай болж, хөгжиж байна шүү дээ. Иймээс хүүхдүүд хүйтэн, нойтонд даарах зэрэг бэрхшээлтэй асуудал гарахгүй болжээ. 
-Танай хамт олны нэг эрхэм зүйл бол цэмцгэр гэдэг агуулгыг барьж ажилладагт байдаг гэсэн. Үүнийгээ тодруулаач. Танай цогцолбор хүүхэд хамгааллын асуудлаар хэрхэн ажиллаж байна. Хөдөөд эрсдэл хэр байдаг юм бол. . .?
-Хүүхэд аюулгүй орчинд, эрүүл байх. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах. Түүнчлэн орчны эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллах нь тухайн ажил хариуцсан хүмүүсийн ажлын байрны зөв дадал хэвшил болсон байх нь бүхнээс чухал. Манай байгууллагын жил жилийн зорилгод хүүхэд бүрийн төлөөх эрүүл аюулгүй, цэмцгэр орчныг бүрдүүлэх гэсэн нэг өгүүлбэр байнга явж байдаг. Энэ цэмцгэр гэдэг маань зүгээр нэг цэвэрхэн байхын нэр биш юм аа. Ажил жигдэрч байгаагийн үр дүн нь хүн бүр, хүүхэд бүр дор дороо хичээгээд байвал аливаа нэг халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд барьж, дадал чадварт сурсан байдгааг харуулж байгаа юм. Манайд сүүлийн 7 жил ямар нэгэн халдварт өвчлөл гараагүй. Энэ нарийн дэглэмийг тогтоож барина гэдэг амаргүй. Иймээс ариутгал халдваргүйтлийг яг зөв цаг хугацаанд нь анги танхимд нарийн зөв хийж, хүүхэд бүр өдөрт хэдэн удаа гарын ариун цэврийг хэрхэн яаж сахидгийг хэвшүүлэн ажиллах нь чухал байдаг. Нөгөө талаас манай хүүхдүүдийн нэг гол давуу чанар ажиглагдаад байгаа. Хөдөөд байгаа хүүхдүүдийн биеийн дархлаажуулалт төвийн хүүхдүүдээс арай л илүү, өөр байгаа. Өөрөөр хэлбэл хүнсний хэрэглээ, амьдарч байгаа эрүүл орчин нөлөөлж байна. Хөдөөний хүүхдүүд багахан даарч хөрөхийг юман чинээ тоодоггүй. Тэд гэр орны ажил хийж байна. Цэвэр агаарт үргэлж явж байна. Төвийн байрны хүүхдээс шал өөр. Монголчууд өлчир байна гэж ярьдаг. Тэр өлчир байх нь их нөлөөлдөг нь амьдралаас харагдаж байна. Иймээс цэвэр орчинд өгөх ёстой хөгжлийн бүх л зүйлийг бид өгөхийг хичээдэг. Төвийн хүүхдүүдийнх шиг орчинг бүгдийг нь бүрдүүлж чадаагүй л дээ. Гэхдээ ямар боломж байгааг хүүхдүүддээ өгөхийг хичээн ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр эрсдэлд ойрхон хүүхдүүд хөдөөд бас байна аа. Гэхдээ эдгээр хүүхдүүд төвийн хүүхдүүдийг бодвол арай гайгүй. Гэхдээ нийгэм даяар цочроох сэрхийлгэсэн асуудал үүсэхээс сэргийлж, хөдөөд байгаа юм чинь манай хүүхдэд ямарч эрсдэлгүй гэж бодож болохгүй санагдаж байна. Иймээс төвийн сургууль, цэцэрлэгүүдтэй адил хүүхэд хамгааллын асуудлыг барьж ажиллах ёстой. Буйдхан газар гэж сэтгэл амарч анхаарахгүй орхиж болохгүй.
-СӨБ-ын боловсрол олгох гэдэг хамгийн чухал ажил. Хүүхдийн цаашдын сурах суурь, ирээдүйг нь чиглүүлж өгч байна гэж боддог. Таны хувьд . . . ?
-Өнөөдөр бага боловсролд энэ цэцэрлэгээс юу олж авсанаараа цаашдаа ямар сурагч байх суурийг нь бид анхлан тавьж байна. Иймээс үүн дээрээ л анхаарч ажиллах нь хамгаас чухал зорилт байх ёстой. Монгол хүний хүүхэд уул талаа хараад тэнүүн талдаа чөлөөтэй, дуулаад, чөлөөтэй тоглож наадаад, чөлөөтэй ажиллаад чөлөөтэй сурахын төлөө явж байх ёстой. Зарим зүйл дээр хүүхдийн эрх гээд хязгаарлаад байх шиг санагддаг. Ингэж хязгаарлаад байхаар сөрөг юмаа дагаад хунигдаад байна уудаа гэж эмзэглэдэг. Хүүхдийн эрхийг эдлүүлэх юман дээр нь эдлүүлье. Чөлөөтэй байлгая. Эн тэнцүү байлгая. Өнөөдрийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа бид, ялангуяа залуу эцэг эхчүүд их бодож амьдрах нийгэм болжээ. Хүүхдээ хохироохгүй зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх суурийг л зөв тавьж өгөх ёстой.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Золгож буй ондоо эрч хүч дүүрэн Сэлэнгэ сайхан нутгийн минь хөгжил улам өөдөө, байх болтугай. Орон нутгийн хөгжилд оруулж буй тарничуудын болоод манай хамт олны нэмэр их байх болно гэж хэлье дээ.
Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ