Томуу, томуу төст өвчнөөр 15 хүртэлх насныхан өвчлөх нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-17 13:05:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од, мөн ХӨСҮТ-ийн мэргэжилтэн н.Мөнхцэцэг нар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүдэд томуугийн тандалт, дэгдэлтийн үед хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллах талаар зөвлөгөө өгөөд буцлаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Одоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллахадаа тус аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт тавин ажилласан байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нь жилийн 1, 2 дугаар сар мөн 11, 12-р саруудад идэвхжиж эмнэлгийн ачаалал ихэсдэг. Сэлэнгэ аймгийн тухайд 2017 оны 12 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд амбулаторийн үзлэгт 6434 хүн үйлчлүүлснээс 698 буюу 10.8 хувь нь томуу томуу төст өвчнөөр бүртгэгджээ. Харин оны эхний долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт 5634 иргэн хамрагдсаны 285 буюу 5.0  хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэд байсан байна. Эдгээрийн 68.7 хувь нь 0-4 хүртэлх насны, 89.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байжээ.
Тиймээс дэгдэлт ихтэй байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж ажиллахаас гадна арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ