2019 онд АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 17:18:40
НЬЮ-ЙОРК./ТАСС/. АНУ-ын эрх баригчид тус улсын ЭСЯ-г 2019 онд Тель-Авиваас Иерусалимд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай "The New York Times" сонины нийтлэлд дурджээ.
 
Эх сурвалжуудын ярьснаар, Д.Трампын засаг захиргаа “Америкийн ЭСЯ-ыг Иерусалим хотод шилжүүлэх тал дээр бодож байснаас илүү хурдтай ажиллаж байгаа” аж.
 
The New York Times сонины нийтлэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 17-ны өдөр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “нүүлгэн шилжүүлэхэд жил гаруйн хугацаа хэрэгтэй” гэжээ.
 
АНУ-ын Төрийн Департамент ЭСЯ-ыг Иерусалим дахь Консулын газрын байранд нүүлгэн оруулахаар төлөвлөж байгаа аж. Сонинд бичсэнээр, ямар хугацаанд ЭСЯ-ыг нүүлгэх вэ гэдэг асуудлаар Д.Трампын засаг захиргаанд маргаан гарсан байна. АНУ-аас Израильд суугаа элчин сайд Д.Фридман энэ онд багтаан ЭСЯ-ыг нүүлгэхийн төлөө байгааг Д.Трампын хүргэн бөгөөд зөвлөх нь болох Жаред Кушнер дэмжсэн аж. Харин Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон аюулгүй байдлын асуудалд илүүтэй анхаарахыг сануулсан байна.
 
Сануулан дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны өдөр мэдэгдэл хийхдээ “Иерусалим хот бол Израиль улсын нийслэл мөн” гэж хүлээн зөвшөөрөөд, АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авиваас тус хот руу нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж эхэлсэн тухай зарласан билээ.
 
Э.Аянзаяа     
 
 
 
 



Холбоотой мэдээ