Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхээр дэмжлээ

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-20 13:54:39

УИХ-ын гишүүдээс өргөн бариад буй Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төслийг цаашид хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. 

Дээрх дөрвөн хуулийн талаарх асуулт, хариултыг нэгтгэн явуулсан бөгөөд гишүүдийн дийлэнх нь Сонгуулийн хуулийг шинэчлэх, шинэ зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

Зарим гишүүдийн хувьд хуулийн заалтуудад орсон өөрчлөлтийг шүүмжилж, саналыг автоматаар тоолохыг болиулах, Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийхгүй байх, сонгуулийн сурталчилгаа хийх хоногийг 21-ээр үлдээх гэх мэт санал хэллээ. Мөн сониноор сонгуулийн сурталчилгаа хийх заалт тусгаагүй нь буруу тул энэ асуудлыг төсөлд тусгах ёстой гэсэн санал ч гарч байлаа. 
Ингээд УИХ дээрх хуулиудыг хүлээн авч цаашид хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураав. Ингэхэд УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 86 хувь, Су.Батболд нарын мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувь, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58 хувь, Х.Тэмүүжин нарын боловсруулж өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн гишүүдийн 90 хувь нь дэмжиж “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Ингээд дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ