Москвад Айсултан хүүд туслах хандивын аян өрнөж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-23 21:49:53
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Москва хотод сурч хөдөлмөрлөж буй монголын оюутан залуусын дунд төрөлхийн зүрхний артерын судасны нарийсалттай Е.Айсултан хүүд туслах ханидивын аян өрнөж байна.
 
Е.Айсултан хүү хорвоод мэндлээд сар гаруй болж байгаа ч эмч нар түүнд яаралтай зүрхний хагалгаа хийх шаардлагатайг анхааруулжээ. Учир нь артерын судасны нарийслаас болж нярай хүүхэд томрох  тусам судас нь тэлж, зүрх нь гэнэт зогсох аюултай аж.
 
Ийм төрлийн хагалгааг Монголд хийх боломжгүй бөгөөд хүүгийн эцэг эх БНХАУ-ын Бээжин хотод хагалгаа хийлгэх шийдвэрт хүрсэн бөгөөд хагалгааны нийт зардал 40-50 сая төгрөг юм байна.
 
Бяцхан хүүгийн хагалгааны зардалд нэмэр болохоор Москва хотод сурч хөдөлмөрлөж буй оюутан залуус “Айсултан хүүд туслах сайн үйлсийн аян”-ыг өрнүүлж эхэллээ. Одоогоор хандивын дансанд 5 орчим мянган рубль цуглаад байна. “Айсултан хүүд туслах сайн үйлсийн аян” ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
 
Дашрамд дурдахад нэг жилийн өмнө цагаан мөгөөрсөн хоолойн төрөлхийн нарийсалт гэх ховор оноштой Москва хотод хагалгаанд орохоор ирсэн Урангоо охинд тус хотод сурч буй оюутан залуус нэгдэн 20 гаруй мянган рублийн хандив цуглуулж байсан юм.
Л.Нандиа
Холбоотой мэдээ