Сонгодог жүжгүүд ба эхлэл

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-01-24 12:28:22
Театр бол ариун сүм гэж ярьцгаадаг. Тэнд зөвхөн дээд зэргийн тансаг, сонгодог жүжгүүд тавигдаж, сонгодог хөгжмийн аялгуу л эгшиглэх учиртай гэж хүмүүс үздэг. Хэдийгээр сонгодог эмгэнэлт жүжгүүд туульсын суурин дээр өөрийн хэлбэрийг олсон ч театрыг жинхэнэ амьд болгож өгсөн билээ. Ингээд энэ сард үзэгчдэд толилуулагдах гурван жүжгийг тоймыг уншигчдадаа хүргэж байна.

АДУУНЫ ТҮҮХ

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” туужаас сэдэвлэн хоёр бүлэгт “Адууны түүх” жүжгийг УГЗ Б.Баатарын тайзнаа найруулан тавьснаар өнгөрсөн оны сүүлчээр үзэгчдэд хүргэсэн билээ. Ийнхүү Азид анх удаа “Адууны түүх” жүжиг театрт тавигдаж буй юм. Харин УДЭТ энэ оны нэгдүгээр сарын эхний үзвэрээр тус жүжгийг сонгож олонд толилууллаа.

Жүжигт нийгмийн амьдралыг адгуусны нүдээр харж дүрсэлжээ. Өнгө мөнгөнд хууртсан хүмүүний амьдрал ямар худал хуурмаг, үнэ цэнэгүй болохыг жүжгийн төгсгөлд илэрхийлнэ. Харин үүнийг өөрийнхөө амьдралаар баталсан хүн нь зохиолч өөрөө байв. Лев Толстой амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэл гутралд оржээ. Тиймээс нийгэм, хүн төрөлхтөнтэй хамт байхаар гэрээсээ  гараад дэрсэн малгай, модон шаахайтайгаа нас барсан гэдэг. Тиймээс судлаачид “Адууны түүх”-ийг Лев Толстойн өөрийнх нь намтар гэж үзэх нь бий.



Тус жүжигт “данагар” хэмээх алаг морины амьдрал, хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Уг нэр нь “холстомер” билээ. Тэрээр алаг зүстэй бөгөөд тэргүүн азрага, гүү хоёрын унага юм. Гэвч зүснээсээ болж эзэндээ гологдож, ижил сүрэг нь гадуурхдаг. Гол нь тус жүжигээр хүний амьдралын тэмцэл, хайр сэтгэл, оршихуйгаа сүйрүүлэгч хүчин зүйлсүүдийг дэлгэн харуулсан байдаг.

Уг жүжгийн орчуулагч Н.Пүрэвдагва “Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргасан. Энэ бүтээлийн хувьд сонгодог зохиолоос сэдэвлэж, жүжиг болсон бүтээл. Түүнийг монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг” хэмээв.

Харин жүжгийн гол дүр буюу “холстомер”-т тоглосон АЖ Г.Мягмарнаран “Энэ жүжиг их олон газар олон янзаар тавигдсан юм билээ. Харин бид Азидаа анхлан “Адууны түүх” бүтээлийг тавьж байна. Монголчууд адууны дэргэд өссөн, адуутай ойр байдаг ард түмэн. Зөвхөн монгол ч гэлтгүй дэлхийн хүн ардын үүсэл хөгжил, хурд, уналт босох нь магадгүй адуутай холбоотой гэж зарим эрдэмтэд ярьдагЭнэ бол уран бүтээлчдийн ард түмэндээ өгч байгаа оюун ухааны асар том тэжээл юм даа” гэсэн буй.

Лев Толстой энэ бүтээлээ 29 жил бичсэн байдаг. 1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад энэ бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон. Харин тус жүжиг Толстой бичсэн учраас сонгодог гэсэн үг биш. Учир нь тайзан дээр “сонгодог” хэмжээнд тавигдах ёстой. Тэгж гэмээнэ сонгодог жүжиг болдог билээ.

ОРЧИН ҮЕИЙН РОМЕО ЖУЛЬЕТТА

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” бүтээлийг УДЭТ түүхэнд гурав дахь удаагаа орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар дахин бүтээн туурвисан юм.

Тус жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар тайзнаа амилуулж магтаал, шүүмжийг эн тэнцүү хүртсэн билээ. Гэвч мэргэжлийн судлаачид чангахан шүүмжилж байсан удаатай.

Судлаачид Шекспирийг Ромео Жульетта жүжгээрээ эрийн цээнд хүрсэн гэж үздэг. Мэдээж түүний бүтээлүүд англи хэлийг шинэчилэн бүтээсэн ч агуулга нь тус жүжгийн явцад төгс хэлбэрээ олсон болов уу. Жүжигт Шекспирийн 1592-1594 онуудад бичсэн найраглал, хайрын сонетууд багтсан гэж батлах нь ч бий. Ямартай ч Францад Корнеллийн эмгэнэлт жүжгүүд уран сайхны сэтгэлгээний төгс илэрхийлэл хэмээгдэж, нийгэм даяараа түүний жүжгийн хэлээр ярьдаг байсан гэдэг шиг Шекспирийн "Ромео Жульетта"-г ч Англид мөн тийм  хувь тавилан угтсан хэрэг.

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан уг жүжиг найруулга, тавилт, хувцас, тайз, хөгжим, гэрэлтүүлэг гээд бүхий л талаараа урьд өмнө байгаагүй өвөрмөц шийдэлтэй байв.



Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэхээр энэ сарын 26, 27, 28–нд гурван удаа тавигдах гэнэ.

Тус жүжгийг шинэ тавилтаар үзсэн “Боролдой” стиуд болон “Black box” театрын захирал Б.Мягмар “Сайхан жүжиг болсон байна. Ялангуяа Лоренцо лам жүжигчин С.Болд-Эрдэнэ маш сайн тогложээ. Гайхамшигтай. Моцартын тухай кинонд гардаг шиг тэр хахир инээд зүрх зүсч байна” гэсэн юм. Харин УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Ромео, Жульетта” бол уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг сорьсон жүжиг. Түүний зэрэгцээ бидэнд томоохон хэмжээний сургалт өглөө. Тийм ч учраас бид өнөөдөр Шекспирт ээлжит шалгалтаа өгөх гээд зогсож байна. Энэ шалгалт Монголын театрын урлагийн хөгжилд түүх болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж “итгэл” дүүрэн өгүүлсэн нь бий.

Нүргэлсэн хөгжим дуугарч  бие, биедээ дайсагнасан Капулетт, Монтекки нарын гэр бүлийн тулаанаар жүжиг эхэллээ. Розалина хэмээх бүсгүйд дурлаад байсан Ромео Жульеттатай хэрхэн учирч, анхны харцаар ухаанаа алдталаа дурлахыг эрхэм үзэгч та таалан соёрхохыг хүсвэл театрыг зориход л болно.

ЖАРГААГҮЙ НАР

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн гурван ч жүжиг өнгөрсөн онд тайзнаа тавигдасны нэг нь Ч.Түвшиний найруулсан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг билээ. Тус жүжиг энэ сарын хаалтын тоглолт бөгөөд 31-нд тайзнаа амилах гэнэ.

Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээсэн юм. Энэ удаагийн тавилтаар ч дүрүүдийн дунд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.



Жүжгийн талаар найруулагч Ч.Түвшин “Хамгийн гол нь эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дуурсагдах сод найрагчийн тухай жүжиг бүтээхийг зорьсон” хэмээсэн бол зохиолч Ш.Гүрбазар “Энэ жүжгийг улс төр, цаг хугацааны өнцгөөр харахыг хүссэнгүй. Харин чинадын талаас нь гаргахыг хичээсэн туульсын жүжиг” гэж өгүүлэв.

Их зохиолчийн цэл залуухан үеийн амьдралыг хоёрхон цаг үргэлжлэх жүжгээр үзүүлнэ гэдэг зохиолч, найруулагч төдийгүй, жүжгийн нийт багийнхнаас нөр их хөдөлмөр шаардсан нь дамжиггүй. Зовлон гуниг, баяр жаргалтай үе гээд хүний амьдралд тохиодог, тэр дундаа, Д.Нацагдоржийн аж төрөхүй, оршихуйгаас түүвэрлэн уг жүжигт шигтгээ хийж өгчээ.
 
Б.Алтанхуяг 
Холбоотой мэдээ