Гэрлэлтээ бүртгүүлсэн хоёр залуугийн паспортыг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-27 13:58:01
МОСКВА. /ТАСС/. 2 эрэгтэй хүний гэрлэлтийг Москвад бүртгэж, паспортон дээр нь тамга дарсан хэргийг Оросын цагдаа нар шалгаж байна гэж “Би-Би-Си” агентлаг мэдээлэв. Эдгээр баримт бичгийг хүчингүй гэж үзэж байгаагаа ОХУ-ын ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан болон түүний удирдлагыг ДХЯ-наас халах болно. Эдгээр иргэний паспортыг хүчингүй паспортуудын холбооны мэдээллийн санд оруулсан" гэжээ.

ОХУ-ын иргэний паспортыг олгох, солихтой холбогдсон ДХЯ-ны журмын дагуу Оросын иргэд гадаад орны бүрэн эрхт байгууллагын олгосон гэрчилгээг мэдүүлсэн тохиолдолд холбогдох албаныхан гэрлэлтийн бүртгэлийн тамгыг баримт бичиг дээр тавьж болдог аж.

Хоёр залуу Дани улсын нийслэл Копенгаген хотод ижил хүйстний гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд Орост ирээд паспортон дээрээ тамга даруулсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ