Төрөх эмнэлгийн барилгыг наадмын өмнө дуусгана гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-28 16:10:48
Дорноговь /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд энэ сарын 27-28-нд ажиллалаа. Тэрээр орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндийн салбарын асуудал болон царцаагдсан барилгатай танилцах,  шаардлагатай  төсвийг  шийдвэр гаргах түвшинд тавьж шийдвэрлүүлсэн юм.
Салбарын сайд аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмнэлгийн барилга, нян судлалын төв, сүрьеэ, нүд, шүдний тасаг, зүрхний кабинет, хүүхдийн тасаг зэрэг газраар орж, эх нярайн зайн оношилгооны чиглэлээр Улаанбаатар дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй онлайнаар холбогдлоо.
Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын дагуу 600 гаруй хүн ажиллах ёстой ч төсвөөс хамаарч тал хувьдаа ч хүрэхгүй орон тоотой ажилладаг байна. Өнгөрөгч он жилүүдэд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу бүсийн оношилгооны төв болох зорилт дэвшүүлж  хоёр тэрбум гаруй төгрөгийн 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан.
Тархины дотор болон гадна судасны оношлогоо шинжилгээ хийдэг аппаратуудаас гадна цуллаг эрхтнүүдийг хардаг хамгийн сүүлийн үеийн эхо ч буй. Мөн компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратаар хангагджээ. Үүнээс гадна гадаад тодоотын төсөл хөтөлбөрүүд болон Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хандив, тусламжаар зарим шаардлагатай тоног төхөөөрөмжтэй болжээ.
Нэгдсэн эмнэлгээс санаачилга гаргаж иргэд эмчид үзүүлэхээр өглөө үүрээр дугаарладаг байсныг  халж, бүтэн өдөр дугаар олгодог болсон, шинжилгээний хариуг интернетээр явуулдаг болсон, эх хүүхдийн эндэгдэлгүй болсон, эмнэлгийн үүдний хүлээлгийн өрөөгөө стандартын дагуу тохижуулсан, Эх нярайн зайн оношилгооны чиглэлээр Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй онлайнаар холбогддог болсон гээд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтаар тодорхой ажил хийж  ахиц дэвшил гарч буйг албаныхан салбарын сайддаа танилцууллаа.
Уулзалтын үеэр орон нутгийн удирдлагууд 2011 онд шавыг нь тавьсан ч одоог хүртэл ашиглалтад ороогүй Сайншандын төрөх эмнэлгийн барилгыг үргэлжлүүлэх, мөн сүрьеэгийн тасгийг шинэ барилгатай болгох зэрэг санал хүсэлт тавьсан юм. Харин Эрүүл мэндийн Сайд Б.Сарангэрэл, “1990-ээд онд шилжилтийн үед Дорноговь аймаг цаашдын ирээдүйгээ бодолгүй төрөх эмнэлгийн барилгаа хувьчилсан нь алдаатай болжээ. Одоо өнгөрснөө биш ирээдүйгээ харж ажиллах ёстой.



50 ортой төрөх эмнэлгийн барилгын хувьд сонгон шалгаруулалт дээр алдаа гарчээ. Тендер сонгон шалгаруулалтад шалгарч мөнгийг нь авсан хэрнээ ажлаа хийдэггүй, хариуцлага алддаг байдал  Монголын нийгэмд нийтлэг бий л дээ.
Хууль хяналтын чиглэлээр шийдвэрлэх асуудал нь тусдаа шийдэгдэх биз. Бидний хувьд 50 ортой төрөх эмнэлгийг нэн яаралтай ашиглалтад оруулах асуудлыг сайтар ойлгож байна. Төсвийг нь Эрүүл мэндийн сайдын багцад тусгуулж наадам гэхэд ашиглалтад оруулах болно.
Дорноговь аймаг Нийслэлийн зарим эмнэлгээс дутахааргүй тоног төхөөрөмжөөр хангагджээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэг ороход тав тухтай, тохилог нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна аа. Мөн аймаг орон нутгийн удирдлага санаачилгатай ажиллаж байгаа нь харагдаж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар идэвхтэй  ажиллаж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Зохион байгуулалт менежмент хийж тухайн эрүүл мэндийн байгууллага бие даасан үйл ажиллагаагаараа орлого олох, илүү цагаар ажиллах боломжийг бий болгох зорилгоор Сангийн сайдтай ярилцаж шийдвэрлэсэн.
Тухайн эмнэлгүүд улсаас өгч байгаа төсвийг бий дааж өөрсдөө шийдвэрлэх боломжийг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна" гэв.
Х.Эрдэнэбулган    
Холбоотой мэдээ