Хүүхэд харах үйлчилгээг БСУГ-т шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-31 16:54:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн Боловсрол соёл урлагийн газарт Хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэн өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01-ны өдрийн А/011, А/020 дугаар хамтарсан тушаал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/42 тоот албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн хүүхэд харах үйлчилгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлжээ.
Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд улам ойртож нэгжид шилжин очсоноор цэцэрлэгийн стандартын орчинд, хөгжих боломж бүрдэх юм байна. Тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол хүртэж чадахгүй байгаа 3000 орчим хүүхэд байгаа бөгөөд 15 хувь нь буюу 347 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 17 сумын 29 нэгжид 73 хүүхэд харагч 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна.
 
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ