Өмнөх Засгийн газруудын ажлын тухай нууц баримт бичгүүдийг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 17:20:31
СИДНЕЙ. /ТАСС/. Австралийн Аюулгүй байдал болон тагнуулын албаны ажилтнууд пүрэв гарагийн шөнө тус улсын Канберра болон Брисбен хотууд дахь “Эй-Би-Си” радио өргөн нэвтрүүлгийн корпорацийн байруудад орж, өмнөх засгийн газруудын ажлын тухай хэдэн зуун нууц баримт бичиг бүхий хоёр шүүгээг хураан авчээ. Энэ тухай “Эй-Би-Си” телевиз мэдээлсэн бөгөөд уг баримт бичгүүд дунд “нууц” болон “маш нууц” гэсэн тэмдэгтэй олон баримт бичиг байсныг онцлон тэмдэглэжээ.
 
Мөн 2013 оны баримт бичгүүд ч байсан байна. Тус улсын хуульд зааснаар иймэрхүү мэдээллийг наад зах нь 20 жил нууцлах ёстой байдаг гэнэ.
 
Нууц баримт бичиг бүхий шүүгээг хэдэн сарын өмнө Канберра дахь хуучин тавилгын дэлгүүрээс худалдан авсан нэгэн хүн өөрсдөд нь дамжуулж өгсөн гэж “Эй-Би-Си” корпорацийн сэтгүүлчид мэдэгдсэн байна. Уг тавилгын дэлгүүрт Австралийн яамдын ажилтнууд болон парламентын гишүүдийн эдэлж хэрэглэж байсан хуучин тавилгуудыг хөнгөлөлттэй үнээр зардаг аж. Түгжээтэй байсан шүүгээнд түлхүүр хавсарган үлдээгээгүй байсан бөгөөд шүүгээг онгойлгохын тулд цоожийг нь өрөмдөж нүхлэх хэрэг гарсан байна.  
 
“Шүүгээнд байсан хэдэн мянган баримт бичигт өмнөх таван засгийн газрын дотоод үйл ажиллагааны талаарх мэдээлэл багтсан байжээ. Эдгээр баримт бичгийг хэн дуртай нь багахан үнээр авч болох байж. Мэдээллийг гадны тагнуул болон засгийн газарт дамжуулахад ямар ч саад учирхааргүй байж” хэмээн тус телевиз мэдээлсэн байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ