Долоо хоногийн шалгалтаар 13000 зөрчил илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-аас долоо хоног бүр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн 90 гаруй уулзвар, гудамж, замыг ЗЦА-наас хяналтад авч шалгалт хийлээ.
Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 13,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авчээ. энэ шалгалатын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцов. Зөрчлийн тухай хуулийн дагуу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил гаргасан нийт 21 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ. Өчигдрийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг 22-ын товчооны замд 30 орчим насны Б,М нар нь иргэн Б-ын эзэмшлийн "Toyota Duet" маркийн автомашины дөрвөн дугуй, бусад эд ангийг хулгайлж байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.
Ж.Батсайхан