Америкчууд зөвхөн Оросын талаар яриад байгаа нь харамсалтай юм гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 14:52:23
ВАШИНГТОН. /ТАСС/. Ард иргэдийн орлого өсч, ажлын байрууд бий болоод байхад америкчууд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон тухай л ярихыг илүүд үзээд байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
Тэрбээр тэмдэглэхдээ “Ажлын байрны давуу үзүүлэлтүүд бий болж, цалин хөлс олон жилийн дараа нэмэгдэж эхэлж байна. Гэтэл хэн ч энэ талаар ярихгүй атлаа нэг жил хайгаад учрыг нь олж чадаагүй хэргийн хойноос хөөцөлдөж, Орос, Орос л гэх юм” гэжээ.

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тусгай прокурор Роберт Мюллерийн баг болон Конгрессын төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын тусгай хороо мөрдөн шалгаж байгаа юм. Д.Трамп, түүний гол туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байсан билээ. ОХУ-ын эрх баригчид ч мөн энэ мэдэгдлийг няцаагаад байгаа юм. 

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ