МУИС төгсөгчдийг ажлын байраар хангахад "Төгсөгдчийн холбоо" хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-07 16:09:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн удирдлагууд, Төгсөгчдийн холбоодын зөвлөлтэй хамтран 2024 он гэхэд тус сургуулийн төгсөгчдийн 80 хувийг ажлын байраар хангах зорилтот хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр, “МУИС нь төрийн өмчит 6 сургуулийг бие даалгаж  гаргасан, 75 жилийн хугацаанд 110 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж төгсгөсөн тэргүүлэх сургууль юм. Өнөөдөр бид чухал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн. Энэхүү гэрээ нь тус сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан "Төгсөгч нарын хөдөлмөр эрхлэлт, ажил олгогч нарын сэтгэл ханамж" гэсэн гол үзүүлэлтийг дээшлүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны гэрээ юм. Өөрөөр хэлбэл, 2024 он гэхэд манай төгсөгчдийн 80 хувь нь шууд ажлын байраар хангагдах болно гэсэн үг. Одоогийн байдлаар төгсөгчдийн 60 хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн судалгаа бий. Иймд гэрээний хэрэгжилтийг хангахын тулд сургуулийн захиргаа идэвхтэй ажиллана. Энэхүү арга хэмжээ маань бусад төрийн өмчит их дээд сургуулиудад үлгэр жишээ болох байх” гэлээ.

МУИС-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах, сургуулийн хөгжилд төгсөгчдийн хувь нэмрийг оруулах, харилцан мэдээлэл солилцох зэрэг зорилгоор уг холбоог байгуулжээ. Холбооны зүгээс ирэх 11 дүгээр сард МУИС-ийг төгсөгчдийн нэгдсэн форум, "Job fair-2018" гэсэн хоёр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. 
                                                                                                                                                                 Д.Сарантуяа
Холбоотой мэдээ