Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 14:07:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэлэлцүүлгийг хийв.

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. Дээрх хурлаар Монгол Улсад энэ оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч, тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ. Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсвэл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “Зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “Зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх аж. Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул
Холбоотой мэдээ