УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд даргыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-23 15:17:09

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай дарга Янь Зюньчи, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн тэрээр “УИХ-ын дарга таны 2014 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал маш амжилттай болж, энэ үеэр “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үздэг. Парламентын солилцоо, хамтын ажиллагааг явуулах нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна” гэлээ. Түүнчлэн хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” хэрэгжиж, парламент хоорондын байнгын уулзалт болж байгаад баяртай байна гэв. Мөн БНХАУ хөрш орнуудтайгаа харилцахдаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, илүү хүртээмжтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх” бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлов.

Хоёр улсын парламент, улс төрийн намуудын төлөөлөгчдийн харилцан солилцоо хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж ирснийг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монголын улс төрийн намууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар өөр өөрийн бодлого дэвшүүлдэг хэий ч гадаад бодлогын хүрээнд БНХАУ-тай найрсаг харилцаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг санал нэгтэй дэмждэг болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга  тэмдэглэн хэлсэн юм.

Мөн энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа хоёр тал илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр эхлэх хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын анхны уулзалтад амжилт хүсэв.

УулзалтадУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү,  УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа.

Энэхүү уулзалтын дараа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзалт хийж, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцох юм.

Холбоотой мэдээ