Бэлчээр дээрх малыг хулгайгаар буудаж төхөөрдөг бүлэглэлийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-14 13:55:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянхангай суманд хоёрдугаар сарын 04-05 шилжих шөнө малчин Э-ийн хээр бэлчиж явсан зургаан тооны адуу буудаж нядалж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн юм. Найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн машинтай дээрх хэргийг үйлдсэн  этгээдийн дөрөв нь өмнө  малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгүүлж байжээ. 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж наранд гарсан ч хулгайн гэмт хэргээ үргэлжлүүлж байгаад баригдсан нь энэ.  Тэд адууг гурван калибр, хоёр том буугаар цээж, толгойд нь хэд хэд буудаж  хэрцгий байдлаар ханддаг байна. Хээр бэлчиж явсан адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байснаа хүлээжээ. Эдгээр этгээдэд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг  малаа хулгайд алдах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ