Байгалийн ухааны салбарын оюутнуудад олгох анхны тэтгэлэгт хөтөлбөрийг МУИС-д хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-02-14 19:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2018.02.14/ УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/, МУИС-ийн төгсөгч А.Ундраа тус сургуулийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарт /хими, физик, биологи, математик/ суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг “Идэр оюуны ундраа” аян нэртэй зарлаж байгаагаа албан ёсоор мэдээллээ.



УИХ-ын гишүүн А.Ундраа: “Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу эрчимтэй шилжиж буй өнөө үед боловсон хүчин, мэргэжилтэн, судлаачдыг бодлогоор дэмжин бэлтгэх нэн шаардлагатай байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсадын тоо цөөрч, шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого суларчээ. 1942 онд дайны хүнд жилүүдэд эхлүүлсэн, найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны суурийг сулруулахгүй, бэхжүүлэх хѳгжүүлэх, залуу үеэ татан оролцуулах шаардлагатай” гэж үзэн байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж байгаа" гэдгээ хэлэв.

Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, сангууд, хүмүүнлэгийн байгууллага болон хувь хүмүүсийг уриалсан юм.

МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг “УИХ-ын гишүүн, манай сургуулийн төгсөгч А.Ундраа энэ салбарт ажиллаж, жаргал зовлонг нь мэдэрсэн хүн учраас энэ ажлыг санаачилсанд таатай байна. Зөвхөн байгалийн ухааны салбарын оюутнуудад хандсан анхны тэтгэлэг юм” гээд ажлын амжилт хүсэв.



Уг үйл ажиллагаанд МУИС-ийн профессор Х.Цоохүү, академич Х.Намсрай нар оролцон байгалийн ухааны салбарт дурлан ажиллах, судалгааны ажил эрхлэхийн сайхныг дурсаад байгалийн ухааны салбар бол шинжлэх ухааны суурь гэдгийг онцлов.

Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 онд үргэлжилнэ. Жил бүр болзол, шалгуурыг хангаж амжилттай суралцан, судалгааны ажилд оролцож, сурлагын амжилтаа тасралтгүй ахиулж буй 10 оюутанд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг олгох юм. УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит оюутны тэтгэлгийн 2018 оны сонгон шалгаруулалт 2018 оны 2 дугаар сарын 14-нөөс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл явагдах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ