Салхин цэцэг, цусан суулга өвчний тархалт ихэсч байгааг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-02-20 16:56:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Салхин цэцэг, цусан суулга зэрэг халварт өвчний тархалт ихэсч байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэдийн дунд менингит хэмээх халдварт өвчний  мэдлэг мэдээлэл дутмагаас болж бага насны хүүхэд нас барах тохиолдол урьд жилүүдэд гарч байжээ.

Ханиад томууны улирал дуусмагц халдварт өвчин агаар дуслын замаар тархах нь ихэсдэг. Өнгөрсөн онд гэхэд 120-130 хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөс болж нас барсан гэсэн судалгаа байна. Амьсгалын замын халдварт өвчинд улаан бурхан, менингоккт халдвар, салхин цэцэг, сүрьеэ, улаан эсэргэнэ, улаанууд, гахайн хавдар, томуу томуу төст болон бусад амьсгалын замаар дамждаг өвчлөл багтдаг байна. Амьсгалын замын өвчлөл нь шууд хүндэрдэггүй болохоор иргэд төдийлөн ойшоодоггүй. Тэгвэл амьсгалын замаар дамжих вируст халдвар нь хүний биед хадгалагдан дархлааны системийг гэмтээж, өвчлөмтгий эрхтнийг барьж, эрхтэн тогтолцоог гэмтээдэг байна. Одоогийн байдлаар салхин цэцэг, цусан суулга зэрэг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байгаа эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Халдварч өвчин хамгийн ихээр тусдаг газар бол цэцэрлэг сургууль байдаг. тиймээс сургууль цэцэрлэгийн багш нар ханиад хүрсэн, халуурсан, тууралт гарсан хүүхдүүдийг авахгүй байх шаардлагатай юм. Хаврын улиралд хүн бүрийн дархлаа суларч элдэв өвчин тусах магадлал өндөрсдөг байна. Тиймээс иргэд дархлаагаа дэмжиж эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Мөн урин дулааны үед иргэдийн бага насны хүүхдүүдийн тусдаг нэг өвчин бол менингит юм. Менингитын талаар 3 хүн тутмын 1 нь мэдлэг мэдээлэл байдаггүй гэсэн судалгаа гарчээ. Энэхүү өвчний тохиолдол бага ч туссан тохиолдол үхэлд хүрэх 50 хувийн эрсдэлтэй гэдгийг эрүүл мэндийн байгуулагаас анхаарууллаа. Хэдийгээр менингит өвчний тохиолдол харьцангуй бага ч гэсэн оройтож илрүүлбэл хүүхдийн амь насанд өндөр эрсдэлтэй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь сүүлд бүртгэгдсэн хэд хэдэн тохиолдолд эцэг эхчүүд 2-3 шатны эмнэлэг дамжиж  4-6 цагийн хожуу илрүүлэлттэй байсан байна. Мөн менингит өвчнийг томуу, салхин цэцэг зэрэг өвчнүүдтэй андуурах тохиолдол их гардаг. Тиймээс иргэд дээрх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандахийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ