Сураггүй болсон иргэнийг машинтайгаа шатаж нас барсан байхад нь олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-21 13:57:18
Дорнод /МОНЦАМЭ/. Шинийн нэгний өглөө тус аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Ө суудлын автомашинтай Баян-Уул суманд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг ОБГ-т ирүүлжээ. Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч эрэн хайх ажиллагаа явуулж, 15 цагийн үед  Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олсон байна. Дээрх хэргийг одоогоор аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт оршин суудаг 10 настай эрэгтэй хүүхэд өчигдөр өдөр 12 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь орой болмогц хууль хяналтын байгууллагуудад дуудлага өгсөн байна. Орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа явуулсан ч олдоогүй тул өнөө өглөөний 7 цагаас эхлэн хайж үдийн хэрд олсон гэж тус сумаас мэдээлэв.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ