Монгол наадам цогцолборын хилийн цэсийг 13 мянган га-гаар тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаас тодорхой газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэв. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 1400 га, Төв аймгийн Аргалант суманд 12 мянган га нийтдээ 13 мянга га газрыг Монгол наадам Төрийн өмчит цогцолборт олгож, хилийн цэс тогтоох шийдвэр гаргажээ.
Анх Хүннү гүрний үед МЭӨ 1-2 дугаар зуунд Монгол наадам үүссэн гэж судлаачид үздэг. Тухайн үед нутаг дэвсгэрээ хамгаалах үүднээс морь унах, бөх барилдах, сур харвах гэсэн гурван чадварыг зайлшгүй эзэмших ёстой гэж сургадаг байсан. Энэ нь сүүлдээ баяр цэнгэл болж хувирсан байна.
Хамгийн сүүлд 1921 онд Ардын хувьсгал ялсаны дараагаар анхны томоохон наадмыг Буянт-Ухаад хийсэн байдаг. Үүнийг нь цэргийн наадам гэж түүхэнд тэмдэглэсэн ба 1958 онд анх удаа 15 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэн баригдсанаар наадам хийж эхэлсэн байна.
Тэр үед Улаанбаатар хотын хүн ам 100 мянга байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо 1.8 сая болж, нийслэлд амьдарч буй иргэдийн тоо 1.1 сая гаруй болсон. 2014 оны байдлаар нийслэлд 1.3 сая хүн амьдарч байна. Энэ нь Монгол Улсын хүн амын 44 орчим хувь юм. Ийм нөхцөлд 1.3 сая хүн амд 15,000 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэхээ харьцуулаад үзэхээр нийслэлд оршин сууж буй иргэдийн зөвхөн нэг хувь нь баяр наадмын нээль хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой.
Тийм учраас 2013 онд УИХ-ын 23 дугаар тушаалаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Үүний дагуу НИТХ-аас “Монгол наадам” цогцолбор ТӨҮГ-ыг байгуулж ажиллуулсан. Сүүлийн хоёр жилд нэлээд хэдэн ажлыг энэ байгууллагаас хийсэн. Үүнд Хүй долоон худагт хоёр км авто зам тавьсан, дээр нь 5000 хүний суудалтай үзвэрийн танхим, 4600 автомашины парк, морь гарах зурхайн хашаа зэргийг барьж байгуулсан. Газар нутгийг нь шийдээд өгчихвөл энэ цогцолбор цаашдаа өргөжих боломжтой. Шаардлага хангахуйц хэмжээний цэнгэлдэх хүрээлэн барих, морь, сурын асар, зочид буудал, жуулчны отог гээд олон зүйлийг барихаар төлөвлөж байгаа учраас газар нутгийг нь шийдэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог, аялал жуулчлалын том бүс болгох хөгжүүлэх ёстой. Зөвхөн зун наадмын үеэр биш бусад улиралд олон төрлийн спортын тэмцээн, нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчилсан арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг, аялал жуулчлал, амралтын цогцолбор болгох нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.
Б.Туул