Цахим залилангийн хэрэг гарсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-27 11:57:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүүлийн үед цахим орчноор дамжуулан иргэдийн мөнгийг залилах тохиолдол их гарч байгааг мэдээлсэн.Бусдын мөнгийг авахын тулд тухайн иргэний хувийн имэйл, гар утас, эсвэл шуудангийн хаяг руу нь “Сугалаанд аз таарлаа, бэлэн мөнгө хожлоо, өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээж бэлэн мөнгө өгөх гэж байна” гэх зэрэг мэдээллийг явуулдаг байна.
 Мөн "урьдчилгаа болгон иргэн танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд та татвар, шимтгэл, шуудангийн зардал төлөх ёстой” зэргээр тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Ийнхүү үйлдлийн арга улам бүр нарийсч, хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнийг нас насны хүмүүсээс гадна гадаадын иргэд ч үйлдэж, иргэд хохирсоор байгаа юм. Ихэнхдээ иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддаг гэв. 
Энэ талаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан “Иргэд бодит амьдрал дээр сугалаанд оролцоогүй мөртлөө хонжвор таарлаа гэхэд итгэчихдэг. Ямар нэг сугалаанд оролцож, хонжвор таарсан л бол олон нийтэд мэдээлэхгүйгээр иргэдэд хэзээ ч шагнал өгөхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өв залгамжлалын хөрөнгийг хуульч, өмгөөлөгчгүйгээр хэзээ ч хэн нэгэнд өгдөггүй. Манай улсын нэр бүхий иргэнийг Франц улсын иргэн Сatherine гэх нэрээр залилсан. Тэрээр Morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн хоёр хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10.000-900.000 еврогийн зээл олгоно гэж итгүүлсэн. Ингээд зээлийн төлбөр гэж 28.000 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. Хариуцлагатай компани, бизнесмэн хэзээ ч танихгүй хүний бизнесийг санхүүжүүлэхээр мөнгө санал болгодоггүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй байна” гэв.
Мөн иргэд “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөнө” гэсэн мэдээллийн дагуу сайтад бүртгүүлэн их хэмжээний мөнгөө залилуулсан хэрэг бүртгэгдсэн гэв. Олон улсад “419 залилан”, “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн захидал” гэж нэршсэн цахим шууданг гадаадын иргэд ашиглан залилан хийсээр байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2015 онд 7 иргэн, аж ахуйн нэгж хохирсон бол 2016 онд 4, өнгөрсөн онд 9 болж өссөн. Манай улсын иргэдэд нийт 800.134 ам.доллар, 20.700 евро, 100 сая төгрөгийн хохирол учиржээ. Хохирсон иргэд залилагч этгээдийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, зүс царайгаа харалцаагүй, уулзаагүй хэрнээ арганд нь орчихдог байна. Цагдаагийн байгууллага мөнгө залилан авсан этгээдийг Интерполын шугамаар тогтоож, холбогдох мэдээллийг авахад хуурамч нэр, хаяг, имэйл, утасны дугаар, дансны дугаар зэргийг зөвхөн ганцхан удаа л ашигласан байдаг. Мөн дэлхийд танигдсан алдар цуутай хүмүүс, улс төрч, Ерөнхийлөгч, компаниудын нэрийг ашигладаг, фотошопоор эвлүүлсэн хуурамч зураг ашигладаг гэв. Тиймээс иргэдийг гар утас болон цахим хаягаа сэрэмжтэй ашиглахыг зөвлөж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ