Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлаар дэлхийн хоёр дахь орон болов

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-02-27 14:00:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын стандартыг хангасан дэлхийн хоёр дахь орон болсныг албан ёсоор зарласан хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Эрдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор Филиппин улс байсан бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёр дахь орон болов.

Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан энэ тухайд, "Монгол Улс эрдсийн баялгийн нөөцөө зөв удирдан засаглах, хариуцлагатай байхын ач холбогдлыг ухамсарлан 2006 онд ОҮИТБС-д нэгдэж, дэлхийн 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллагын гишүүн болоод байна.

Тус санаачилгын хүрээнд манай улс дахь олборлох үйлдвэрлэл явуулж буй уул уурхайн салбарын гол нэгжүүдэд гадаадын зөвлөх, иргэний нийгмийнхэн зэрэг байгууллагуудаас дүн шинжилгээ хийж чансааг тодорхойлсон. Чансаа тодорхойлох явц өндөр нарийвчлалтай явагддаг. Монгол Улс олборлох үйлдвэрлэл хөгжиж байгаа байдлаар  уг байгууллагад нэгдэн орсон 51 улсаас батламж авсан хоёр дахь орон болсон нь энэ салбарын үйл ажиллагаа хэвийн түвшинд явж байна гэсэн үг.

Манай улсын олборлох үйлдвэрлэлийн чансаа ийн өндөр үзүүлэлттэй гарснаар гадны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Хоёрдугаарт иргэний нийгмийнхэн болон ард иргэдийн оролцоо энэ салбарт хангалттай байгааг илтгэсэн явдал болж байна.Нөгөөтэйгүүр уул уурхай эрхлэгчдэд сайн нөлөөтэй. Одоогийн нөхцөлд уул уурхайн эрхлэх нь гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгогддог. Тэгвэл тус салбарын үйлдвэрлэлийн нэр хүндэд эерэгээр нөлөөлөх болно. Иймд цаашид хэн гэгч эзэн тухайн уул уурхайгаас ямар хэмжээний ашиг олж байна вэ гэдгийг ил тод болгох зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийх үүргийг бид хүлээж байна" хэмээн ярьлаа.

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2016 оны нэгтгэл тайланг Монгол-Францын "КейПиЭмЖи" хамтарсан аудитын консорциум хараат бус нэгтгэгчээр сонгон шалгарч, тус тайланг боловсруулсан байна. 

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ